| | USD/MNT 0₮

СУРВАЛЖИЛГА: Тахилтын нүхэн гарцад хоёр метр гүн ус тогтож, “Ланд 105” машин живсэн ч одоог хүртэл ус зайлуулах хоолой хийгээгүй байна

Сүүлийн гурван хоног Нийслэл хотод тасралтгүй усан бороо орж, олон байршил үерийн өндөр эрсдэлд буй. Тэгвэл СХД-ын 32 дугаар хороо буюу Тахилтад байрлах автомашины нүхэн гарц өчигдөр усаар дүүрч иргэд зорчих боломжгүй болсон аж. Энэ нь зөвхөн нэг удаагийн асуудал биш юм. Ашиглалтад орсноос хойш буюу гурван жилийн хугацаанд ийн усаар дүүрч, нийслэлээс бохир усыг соруулж арга хэмжээ авдаг байна. Ийнхүү бид энэ талаар сурвалжлахаар нүхэн гарцыг зорилоо.

Биднийг очиход бороо орсны дараах чийглэг агаар угтлаа. Орсон борооны шалбааг татраагүй нүхэн гарцад ус тунасан байдалтай харагдав. Машины хөдөлгөөн их байлаа. Мөн том оврын автомашин зорчиход хүндрэлтэй харагдана. Учир нь нүхэн гарцаар гарах том оврын автомашины тааз тулж, төмөр чийхарч дугарч байв.

“НҮХЭН ГАРЦАД 2 МЕТРИЙН ГҮН ТОГТООЛ УС ҮҮСЧ УЛМААР ЛАНД КРУЙЗЕР 105 ЗАГВАРЫН АВТОМАШИН ЖИВЖ ЗОРЧИГЧИД НЬ БҮХЭЭГ ДЭЭР ГАРЧ АВРАГДАЖ БАЙВ

Жолоочид: “Бороо орох үеэр их хэмжээний ус тунаж зорчиход хүндрэлтэй байдаг. Угаасаа л ус дүүрчихдэг тул бороо орсны дараа энэ замаар зорчихгүй байхыг зорьдог. Өнөөдөр усыг соруулчихсан байна гэдэг мэдээ сонсоод энэ замаар зорчлоо. Энэ уг нь шинэ зам шүү дээ. Ус зайлуулах хоолой хийчихмээр байх юм” гэж учирлав.

Мөн энэ нүхэн гарцад 2022 оны зургаадугаар сарын 19-нд 2 метрийн гүн тогтоол ус үүсч улмаар Ланд круйзер 105 загварын автомашин живж зорчигчид нь бүхээг дээр гарсан байхад алба хаагчид аварч байжээ.  Басхүү энэ оны гуравдугаар сард шар усны үерээс болж нүхэн гарц усаар дүүрч  16 хүнтэй хоёр бригад ажиллаж, хальсан усыг соруулсан байна.

“НҮХЭН ГАРЦЫН ХОЁР ЦЭГТ УС ЗАЙЛУУЛАХ Ф1000 ХООЛОЙТОЙ БАЙХААР ТӨЛӨВЛӨСӨН ГЭЖ МЭДЭЭЛЖ БАЙЖЭЭ

Уг нүхэн гарцыг 2021 онд байгуулж байхад Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Төслийн хүрээнд тус замыг 1.5 км урттай, 14 метр өргөнтэй, дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй, хоёр цэгт ус зайлуулах Ф1000 хоолойтой, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, автомашин, явган зорчигчдод зориулсан нүхэн гарцтай байхаар төлөвлөсөн” гэж мэдээлж байв. Гэвч нүхэн гарцад ус зайлуулах хоолой хийгээгүй болохыг энэ замаар зорчих жолоочид нотоллоо.

Мөн тунасан усыг соруулахад хэмжээнээс шалтгаалж нэг удаад 300 мянгаас нэг сая төгрөг зарцуулдаг аж. Энэ мэтчилэн дутуу гүйцэтгэлтэй бүтээн байгуулалтаас болж иргэд эд хөрөнгөөр хохирч, татвар төлөгчийн халааснаас шаардлагагүй зарлага гарсаар байна.

 

 

Сэтгүүлч: А.Булганчимэг

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.