| | USD/MNT 0₮
Монголоо дэлхийд сурталчилж буй, "Хү” хамтлаг эх орондоо анх удаа бүрэн хэмжээний тоглолтоо Монгол Улсын төрийн далбааны өдөр буюу долоодугаар сарын 10-нд хийнэ.
Тоглолтын талаар “Хү” хамтлагийн ахлагч Ц.Галбадрах мэдээлэхдээ, “Дэлхийн томоохон хөгжмийн наадмуудад анх тоглоход, биднийг олон жил сонссон юм шиг хүлээж авч байсан. Европ, Америк, Австрали, Өмнөд Америк, Азийн орноор 350 гаруй фестивальд оролцлоо. Эх орондоо задгай талбайд анх удаа тоглохдоо бүх хит, “Аянгын нүргээн”, “Гэрэг” цомгийн шилдэг уран бүтээлээ толилуулна. Тоглолтын тайз үндэсний өв соёл, язгуур урлагийг харуулсан шийдэлтэй, үзэгчдэд тав тухтай байхад анхаарч байна" гэв.
Тоглолт Шангри-Ла зочид буудлын баруун талын "Hit" паркт энэ сарын 10-ны өдрийн 18:00 цагаас болох юм. Энгийн тасалбар, 99 мянга, "Fan zone" тасалбар 600 мянга, "VIP" тасалбар хоёр сая төгрөгийн үнэтэй байх аж.
МУГЖ Б.Дашдондог хүннү рок урсгалыг бий болгон, тус хамтлагийг 2016 онд байгуулан, “Юу вэ юу вэ”, "Чонон сүлд" дуугаа 2018 онд олон нийтэд цацжээ. Тэдгээр бүтээл нь 120 сая хандалт авч, “Гэрэг” хэмээх анхны тоглолтоо 2019 оны тавдугаар сард хийж байв. Дэлхийн аялан тоглолтуудаа 2016 оны зургаадугаар сараас эхлүүлж байсан "Хү" хамтлагийнхан 2019 онд Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдрөөр Монгол төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одонг хүртсэн билээ.