| | USD/MNT 0₮
Нийслэл хотын үе үеийн Засаг дарга нар газрын наймааны асуудалд нэр холбогддог. Үүнийг батлах цөөнгүй баримтууд ч бий. Төв шуудангийн урд хэсэг, Сүхбаатарын талбайн зогсоолын асуудлууд яригддаг байсан бол сүүлийн үед Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газраас эрх мэдэлтнүүдэд хууль бусаар газар олгосон гэх асуудал олны анхаарлыг татаад байна. Тухайлбал, хүүхдийн паркийн газраас хэн гэдэг эрх мэдэлтэнд газар олгож, түүн дээр нь зочид буудал, баар, ресторан барьсан болохыг тогтоохоор НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд албан тоот хүргүүлж, "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-гийн газар буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн паркийн газрын 1995 оны үеийн нийт эдэлбэр газрын кадастрын зураг болон түүнээс хойш хийсэн газар олголт, шилжүүлэлттэй холбоотой бүхий л мэдээллийг ирүүлэхийг хүссэн. Энэ талаараа тэрбээр "Монгол Улсын хүн амын тал хувь нь оршиж суудаг нийслэл хотод хүүхдэд зориулсан тоглоомын газар байхгүй байж болохгүй. Дээрээс нь хүүхдийн паркийг 2005 онд шинэчлэн зохион байгуулах нэрийдлээр татан буулгаж, бусадтай хамтарч хувийн компани байгуулсан асуудал нь хуульд нийцсэн эсэхийг, газрыг худалдаж, бусдад шилжүүлсэн, газар дээр нь зочид буудал барьсан гэх асуудлыг судалж үзнэ. Холбогдох байгууллагууд руу албан хүсэлт илгээж, шаардлагатай материалуудыг олж авсан. Үүнийгээ АТГ-т шалгуулахаар өнгөрсөн арванхоёрдугаар сард өгсний дагуу шалгаж байгаа" гэсэн юм.
Үүгээр ч зогсохгүй Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийнхээ "газрын наймаа"-ны асуудлыг цэгцлэхээр ханцуй шамджээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл 2020 оны гуравдугаар сарын 13-ний өдөр А/170 тоот захирамж гаргаж, дүүргийн газрын төлөвлөлт зохион байгуулалт зөрчил, маргааны асуудлаар хяналт шалгалт зохион байгуулж, дүгнэлт гаргах, санал танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулжээ.
Хяналт, шалгалтын дүн гарсны дараа хууль бус олгогдсон газар олголт тогтоогдвол хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах юм байна.