| | USD/MNT 0₮
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал нар мэдээлэл хийж байна.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, Ойрын өдрүүдэд нийт нутаг дэвсгэрийг хамарсан их хэмжээний бороо орж, томоохон голууд аюултай түвшинд хүрч үерлээд байна. Цаг уурын байгууллагын мэдээллээр Улаанбаатар хотод жилд дунджаар 272 мм хур тунадас ордог бол 6-р сарын 20, 21-нд үргэлжлэн орсон хур тунадас 24 цагийн дотор 60 мм болсон. 6-р сард дунджаар 47.2 мм хур тунадас ордог бол 24 цагийн хугацаанд нэг сард ордгоос их хэмжээний хур тунадас орлоо. Ингэснээр голууд үерлэж, голын ай сав дагуух жижиг горхиуд үерлэх, энэ нь төв суурин газруудад үерийн эрсдэл дагуулдаг.
2023 оны 7-р сарын эхээр болсон үерийн үеэр Туул голын ус 311 см хүрч үерийн аюултай түвшинг 51 см-ээр давж, үерлэж байсан. Гэтэл 3-р сарын 20, 21-нд орсон борооны улмаас Тэрэлж, Улиастай, Туул голууд эхээсээ үерлэж 342 см буюу үерийн аюултай түвшинг 82 см давж үерлэсэн. Өнгөрсөн жилийнхээс 30 гаруй см-ээр даван үерлэсэн бөгөөд энэ үерийн аюул Төв аймгийн Алтанбулаг, Лүн сумын нутгаар үргэлжилж байна.
Өчигдрийн байдлаар Алтанбулаг сумын орчмоор Туул голын ус эргээс хальж, ойр орчмын айл өрхүүдэд эрсдэл учруулсан. Өнөө, маргаашдаа Лүн сумын нутгаар Туул голын үер эрсдэл учруулж, аюултай түвшинг 30 см-ээр даваад байна.
Туул голын усны түвшин Улаанбаатар хот орчимд өнөө өглөөний /2024.06.25/ хэмжилтээр 10 см буурсан боловч үерийн аюултай түвшинд хэвээр байна.
Үерийн улмаас голын эрэг идэгдэж, бат бэх байдал нь алдагдсан энэ үед:
Голын эрэг дагуу амарч зугаалахгүй байх,
Бага насны хүүхдийг хараа хяналттай байлгах
Гарц, гарам, гүүргүй газраар гол гарахаас татгалзахыг анхааруулж байна.
2024 он гарсаар улсын хэмжээнд усны ослын 46 тохиолдол бүртгэгдсэнээс 30 иргэн амиа алдсан байна. 6-р сарын 24-ний өдөр Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг болон Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум, Дорноговийн Хатанбулаг суманд усны ослын дуудлага мэдээллээр аврагчид ажилласан. Нийслэлийн хэмжээнд:
Бага насны хүүхдэд аюулгүй шаардлага хангаагүй хөвөгч дээр тоглуулж байгаад амь алдсан харамсалтай тохиолдол гарлаа.
Тэрэлж, Туул гол үерлэж, тухайн орчмын амралтын газар, айл өрхүүд усанд автсан дуудлагын дагуу ажиллаж байх үед аюулгүй газарт байгаа хэр нь гол гарах зорилгоор бөөнөөрөө хуурамч дуудлага өгсөн тохиолдлууд ч бүртгэгдсэн. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид эрсдэлд орсон иргэдийн амь насыг аврахын төлөө цаг нартай уралдаж ажилладаг учир иймэрхүү үйлдлүүд гаргахгүй байхыг анхааруулъя.
ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ: https://fb.watch/sWbaQ69bxG/