| | USD/MNT 0₮
Нийслэлийн онцгой байдлын газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн онцгой байдлын газрын нарийн бичгийн дарга, дэд Хурандаа Д.Оюунбат "Үргэлжлэн орсон борооны дараа гол горхины хэмжээ нэмэгддэг. Өнөө өглөө 08 цагийн байдлаар Туул голын түвшин үерийн аюултай түвшинээс 82 см давж үерлэсэн байна. Хэрэв 260 см дээш гарсан тохиолдолд үерийн аюултай түвшинд хүрсэн гэж үздэг. Тэгвэл Туул гол энэ хэмжээнээс даруй 82 см-аар давж үерлээд байна. Тиймээс мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллаж байна. Туул гол ийнхүү үерлэсэнтэй холбоотой Тэрэлжийн зарим газарт гол хальж урссан байна. Мөн Хар усантохой, Гачуурт орчимд Туул гол өргөн үерлэж байна. Мөн дунд гол Маршлын гүүрний зүүн талд River Garden орчим усанд автсан байдалтай байна. Түүнээс доош уруудаад Био комбинат орчим үерийн байдал үргэлжилж байна.
Тиймээс тухайн бүсээс шөнийн 03 цагаас өглөөний 10 цагийн орчимд 300 орчим айл өрх, иргэдийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг хангаж ажиллалаа. Өчигдрөөс хойш хүргэсэн сэрэмжлүүлэг мэдээллийн хүрээнд зарим айл өрх, аж аруйн нэгжүүд өөрсдийн аюулгүй байдлыг хангаж шилжин суурьшсан байна. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
Тиймээс өнөөдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Түүнчлэн 23 байршилд 13 мянган шуудай элс бэлтгэсэн байна. Үерийн далан, суваг, шуудуу сэтрэх, гуу жалгаар халих эрсдэлтэй газруудад шуудаатай элс бэлтгэсэн байна" гэв.