| | USD/MNT 0₮
2024 оны УИХ-ын сонгууль болоход хэдхэн хоног үлдсэн байна. Их төрөө төвхнүүлэх эрх үүрэг хүлээсэн иргэд, сонгогчид анх удаа түүхэндээ 126 парламентын гишүүнийг сонгоно. Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, ийм шийдвэр гаргасан билээ. 76 гишүүний тоо нэмэгдэж 126 болох сургаар хулгайчаас худалч, луйварчин хүртэлх нэр цолтой балаг барцад ихтэй хэн бүхэн нэрээ дэвшүүлсэн. Тэднээс УИХ-ын гишүүн болчихно, парламентад суучихна даа гэж сэрүүн зүүдэлсэн яваа нөхөд нэртэй ноход ч цөөнгүй байна. Тухайлбал, хангайн бүсийн буюу томсгосон тойрог болох УИХ-ын 4-р тойрогт Ардчилсан намаас Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийг Женко Х.Баттулга багтаа авч дээш нь явуулсан. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын ахлуулсан багийн нэг эд эс нь болж сонгуулийн сурталчилгаагаа 4-р тойрогт эхлүүлсэн явна. Түүний хувьд 2020 оноос хойш Булган аймгийг удирдаж буй.
Б.Ариун-Эрдэнийн ажлын намтар, үүх түүхийг нь харвал Монгол Улсын хөгжлийг 20 жилээр хойш татсан Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай салшгүй холбоотой нэгэн. Тэрбээр Төрийн тэргүүн болсны дараа Б.Ариун-Эрдэнийг “Монголросцветмет нэгдэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа “Шижир алт” компанийн захирлаар 2018-2020 онд ажиллуулсан байдаг.
МАН ялсан он жилүүдэд АН-ынханд орох оготны нүх ч олдохгүй байтал Б.Ариун-Эрдэнэ ачит ахаараа крандуулж өгссөөр 2020 онд аймгийн Засаг дарга болов. Орон нутгийн сонгуульд Ардчилсан нам есөн аймагт ялалт байгуулахад өөрийн хамаарал бүхий хэдэн бөхчүүдээр аймгийн Засаг дарга тавьсан байдаг. Үүний нэг нь Б.Ариун-Эрдэнэ. Самба жүдо бөхөөр барилддаг тэрбээр Булган аймгийн баяр наадамд түрүүлж, Аймгийн арслан цол хүртэж байсан нэгэн. “Бөх бол төр юм” гэгчээр Тулга ахынхаа ачийг хариулахаар Булганы Засаг даргаар томилогдоод 4 жил ажиллав. Дөрвөн жил дарга хийхдээ аймгаа хөгжүүлсэнгүй. Аймагт нь ямар нэгэн өөрчлөлт ахиц гарсангүй. Харин ч Б.Ариун-Эрдэнэ үндлэслэлгүйгээр хөрөнгөжөв. Аймгаа хөгжүүлэх ёстой байтал 2024 оны сонгуульд нэр дэвшин ялалт байгуулж, Х.Баттулгын парламент дахь дархлаа болох нэг суудлыг олж ирэх даалгавартай хүчин зүтгэж байна. Тэгвэл Б.Ариун-Эрдэнэ төрийн төлөө хүчин зүтгэх хүн мөн үү. Тэрбээр парламентын суудалд биш харин ч авлига албан тушаалын хэргээрээ хорих ангид байх ёстой нэгэн гэдэг.
Өнгөрсөн онд түүнийг АТГ-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хөрөнгө орлогын мэдүүлгээ дутуу мэдүүлсэн, бусдаас авлига авсан гэх хэргээр шалгаж, ажлаас нь чөлөөлнө гэсэн мэдээллийг ЗГХЭГ-аас мэдээлж байсан. Тодруулбал, төрийн албанд ажиллах шаардлагыг хангахгүй гэж үзсэн. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул Шүүр ажиллагаагаар ажлаа өгөх ёстой хэмээн АТГ-аас шалгасан. Өөрийн нэр дээр байдаг өмч хөрөнгөө мэдүүлээгүй учраас ийнхүү хариуцлага тооцохоор болсон.
ХОМ-ийг нь харвал: 2021 орд ХОМ-дээ өөрийн орлогыг 26 сая 958 мянга, гэр бүлийн гишүүдийн орлогоо 9 сая 254 мянга гэж мэдүүлж байв. Тэгвэл 2022 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлогыг 268 сая 669 мянга, гэр бүлийн гишүүдийн орлогоо 100 сая 321 мянган төгрөг хэмээн мэдүүлснээс харахад түүний орлого үлэмж нэмэгдсэн байна.
Мөн 1 тэрбум 54 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг граштай гэж мэдүүлсэн бол 197 сая төгрөгийн үнэ бүхий land cruiser 200 маркийн автомашинтай гэжээ. Хурдан удмын адуу 135, Үхэр 104, Ямаа 80, Хонь 52 толгой малаа 5 тэрбум 450 сая төгрөгөөр үнэлсэн байх юм. 600 сая төгрөгөөр хэмжигдэх үнэт эдлэлтэй, 137 сая төгрөгийн зээл, 197 сая төгрөгийн авлагатай гэжээ. “ЕвроАзи Жем” ХХК, “Лаки небула” ХХК, “Эй Эс Өү” ХХК-д хувь эзэмшдэг юм байна. Тэрбээр хөрөнгө орлогоороо бусад аймгийн Засаг дарга нараа хол тасархай тэргүүлсэн байдаг. Тэгвэл түүний авлига албан тушаалын хэрэг хэрэг хаана хав дарагдав гэдэг нь анхаарал татаж байна.
Угтаа бол ажлаасаа чөлөөлөгдөх ёстой байтал яагаад УИХ руу зүтгэх болов. Хэн түүнийг хар амиараа хамгаалж дэвшүүлэв гэдэг нь ойлгомжтой. Женко Х.Баттулгын хамгаалагч учраас тэр. Магадгүй их хуралд гарч сайн ах Х.Баттулгатайгаа нийлж дахин хулгай, худал хэлж, Монголын төрийг самрах хар буруу санаа агуулсан ч байж болно. Монголын хөгжлийг хойш татаж, газар нутгийг тонон дээрэмдсэн, хулгайчийн шадар туслах буюу өөрт хамгийн ойр байдаг суганы үс Б.Ариун-Эрдэнэтэйгээ хамт сонгуульд нэр дэвшиж яваа тэднийг гарах эсэхийг энэ сарын 28-нд харна.
Бас нэг харамсалтай хэрэгт Б.Ариун-Эрдэнэ нэр нь хамаарагддаг. Булган аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Гал-Эрдэнийн оффист Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр багын найз, Улсын начин Э.Энхбатыг зэрлэгээр зодож, амийг нь хөнөөхөд Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ хамт байсан талаарх мэдээлэл гарсны дараа “Би гэрийн тусгаарлалт байсан. Зодоон болох үед тэнд байгаагүй” гэх утга бүхий зүйлийг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байдаг. Нэр цэвэр биш асуудал ихтэй ийм хүн ард түмнээ төлөөлж чадах уу гэдэгт олон нийт эргэлзэж байна.