| | USD/MNT 0₮
СУИС-ыг төгсөж буй оюутан охин төгсөлтийн баярын малгай хүрмийг аавдаа өмсүүлж буй бичлэг цахим сүлжээнд цацагдаж олны хайрыг ихэд татсан юм. Тэрбээр тус сургуулийг уртын дуулаач мэргэжлээр төгсөж байхдаа гэнэт энэ санааг сэдэж бичлэг хийхээр болжээ. Ийнхүү бид сэргэлэн бүсгүй Ө.Номин-Эрдэнэтэй ярилцлаа.
-Өөрийн тань хийсэн бичлэг олны хайрыг их татаж байна шүү дээ. Энэ бичлэг хийх санааг яаж олсон бэ?
-Хамгийн анх нэгдүгээр курст байхад энэ санаа орж ирж байсан. Учир нь тухайн үеийн нийгмийн байдлаас болоод манай аав Их сургууль төгсөж чадаагүй. Манай ээж бол ҮБИС-д багшилдаг профессор бүсгүй байдаг. Тухайн үеийн нийгмийн орой бусгаа цагт аав маань ажил хийх, сурах хоёр сонголттой тулгарсан. Улмаар ажил хийхийг сонгосон юм. Түүний мөрөөдөл бол хүүхдүүдээ заавал их сургууль төгсгөх юм. Иймд би их сургууль төгсөхдөө ромбо оо зүүлгэнэ гэж бодсон. Хүмүүс миний бичлэгийн доор гадаад бичлэг дуурайсан гэж сэтгэгдэл үлдээсэн байна билээ. Би үзсэн. Үнэнээрээ л байсан нь гоё байх. За ямар ч байсан хийнэ гээд л хийсэн.
“ХҮҮХДИЙНХЭЭ БОЛОВСРОЛД АНХААРДАГ МУНДАГ ЭЭЖ ААВУУД ОЛОН БАЙДАГ”
-Мөн хүмүүс юу гэж хүлээж авч байна вэ?
-Бараг 99 хувь нь ямар хөөрхөн, гоё юм бэ гэдэг сэтгэгдэл үлдээсэн байсан. Энэ бичлэгийг хийсэн нь олон хүн үзэхдээ биш. Эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд ямар их анхаардаг талаар бидний төлөө ямар их хичээдэг юм бэ, мундаг ээж аавууд ямар олон байдаг юм бэ гэдгийг харсан.
-Аав тань ямар ажил эрхэлдэг вэ? Мэдээж аав ээжүүд хүүхдээ их сургууль төгсгөхөд их зардал ордог шүү дээ?
-Аав маань Эрдэнэс таван толгой компанийн туслан гүйцэтгэгч компанид оперотер хийдэг. Уурхайд ажилладаг. 14 хоног Улаанбаатар хотод ирэхдээ зүгээр суудаггүй. Ээж аавдаа очно, таксинд явна. Хүмүүс намайг хэлдэг та аймар сэргэлэн нүдтэй гэдэг. Би аавдаа та байхгүй бол охиных нь нүд ийм байхгүй шүү дээ. Та ирээд зүгээр гэртээ байж байж болдоггүй юм уу гэхээр үгүй, СУИС-д төлбөр өндөр, дээл хувцас гээд зардал их гарна гээд шаргуу хөдөлмөрлөдөг. Мөн намайг хүүхэд байхад зундаа үхэр, мал арьс шир авна гээд хийхгүй ажил байхгүй байсан. Нэг их нуугаад байх юмгүй. Бидний өдөр тутмын л амьдрал энэ. Одоо гэхдээ нэг үе ээ бодвол гоё болчихсон байна.
-Яагаад уртын дуулаач мэргэжлийг сонгох болсон бэ?
-Манай ээжийн тал түүхч хүмүүс их байдаг. Хүүхдүүдийг харахад үндэсний язгуур урлагийг орхигдуулаад байгаа юм шиг санагддаг. Нийгмийн хичээл дээр даяаршил, дангааршил гээд үздэг. Даяаршлыг ороод, дангаарчлалыг төдийлөн харахгүй байдаг. Энэ хоёр адил тэнцүү оршихгүй бол тухайн үндэстний аюулгүй байдал байхгүй болно байх. Иймд энэ мэргэжлийг өвөлж авах юм сан. Уртын дуучдын нэг эд эс болох юм сан гэж анх сонгосон.
“ЭРҮҮЛ, САРУУЛ, САЙН ЯВБАЛ ЭЭЖ ААВЫНХАА АЧИЙГ ХАРИУЛЖ ЧАДНА Л ГЭЖ БОДДОГ”
-Цаашдаа аав, ээжийнхээ ачийг яаж хариулна гэж боддог вэ?
-Саяхан Үндэсний урлагийн их театрын Хишгээ эгч маань надад “Номио чи аавынхаа мөрөөдлийг биелүүлсэн гээд бичлэг хийсэн байна. Чамд баяр хүрье. Одоо чиний мөрөөдөл байгаа шүү дээ. Чиний мөрөөдөл биелбэл аав ээжийн чинь жинхэнэ мөрөөдөл биелнэ” гэж хэлсэн. Би сонсчхоод нээрээ л тиймдээ гэж бодсон. Эрүүл, саруул, сайн явбал ээж аавынхаа ачийг хариулж чадна л гэж бодож байна. Мөн аав ээжийнхээ хөдөлмөрлөж олсон мөнгийг битгий салхинд хийсгээрэй харин ч үүнийг амьдралын их далайд сэлүүрдэх завь аа болгон аваарай гэж оюутан дүү нартаа хэлмээр байна.
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
ВИДЕО: https://fb.watch/sO1E7fCgVt/
Сэтгүүлч: А.Булганчимэг