| | USD/MNT 0₮
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.06.10-аас 06 дугаар сарын 16-ны өдрүүдэд) 37.095 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 447 хэргийг хүргүүлсэн байна.
Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 146, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 14, Өмчлөх эрхийн эсрэг185, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 72, бусад 10 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 59.700 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 59.441 зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 58.842 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 599 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:
Нэр бүхий иргэд 2023 оны 10 дугаар сард цахим орчинд “Даймонд авч өгнө” гэх зар мэдээллийг байршуулан улмаар бага насны хүүхдүүдийг хуурч мэхлэн тэднээр дамжуулан тэдний асран хамгаалагч нарын банкны картын дугаарыг авч нэр бүхий аппликэйшны харилцах данстай холбон тухайн иргэдийн данснаас нь мөнгө шилжүүлэн авч залилсан үйлдлийг илрүүлэн иргэн А, Г нарын хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж энэ оны 06 сарын 11-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын газарт хүргүүлсэн.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дэвсгэрт иргэн Д нь Ховор амьтны жагсаалтад орсон “Хар сүүлт”-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, энэ оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд хадгалж, 6.600.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдлийг илрүүлэн Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааны явцад учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэн З, Х зэрэг нэр бүхий иргэд бүлэглэн хууль бусаар жонш олборлож, 24.312.231 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн.
Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:
Цахим орчинд энэ оны 05 дугаар сарын 29-өөс 06 дугаар сарын 12-ны өдрүүдэд “Зөвхөн Монголд л харах боломжтой” зэрэг гарчигтай нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлүүдэд цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцны хорооллын дунд байх ногоон байгууламжид тээврийн хэрэгслээ байршуулсан иргэн М, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх явган хүний зам дээр тээврийн хэрэгслээ байршуулсан иргэн М, О нарын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдэлд тус бүр Зөрлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35-д зааснаар тус бүр 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.