| | USD/MNT 0₮
УИХ дахь АН-ын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Төсвийн тодотгол хийх хэрэгтэй. Мөн дор хаяж нэг их наяд төгрөгийн төсөвтэй Эрсдлийн сан байгуулах шаардлага бий боллоо. Зээлийн хүүг 90 хоног буюу гурван сарын хугацаанд хойшлуулсан нь оновчтой шийдэл биш" гэв.
Харин АН-ын дарга С.Эрдэнэ: Гадаадаас халдвартай иргэдээ авчирч, нийт гурван сая иргэний амь насыг аюулд унагалаа. Тухайлбал, өнгөрсөн гурван сарын хугацаанд дотооддоо хөл хорио тогтоос, үйлчилгээ, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох алхмуудыг хийсэн. Үүнийг АН-ын зүгээс буруутгаж, шүүмжлэл хэлээгүй. Гэхдээ өнөөдөр цар тахлын бодит аюулыг дотоодоосоо бус гадаадаас импортлох маягаар оруулж ирж байгаа шийдвэрт АН санал нэгдэхгүй байна. Гадаадаас иргэдээ авчирч байгаа нь зүй ёсны асуудал мэт боловч Монголд байгаа гурван сая иргэний эрүүл, аюулгүй байдал, амь насны баталгааг хангах үүрэг нь Засгийн газарт бий. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг тусгаарлахдаа аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй байгаа гэх олон мэдээлэл бидэнд ирсээр байна. Коронавирусийн тархалтыг нэг л алдвал бид барьж чадахгүй. Асуудал улам хүндэрнэ. Тэгээд халдварыг хөнгөн туссан хүмүүсийг наад захын эмнэлэгт хүлээж авах боломжгүй гэдгээ Эрүүл мэндийн сайд хэлчихлээ. Иргэдийнхээ амь насаар дэнчин тавьсан улс төрийн попорсон үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй. Яагаад өөгшүүлээд байгаа юм бэ. Цахим орчинд эх оронч гэсэн сэтгэгдлийг их явуулж байна. Энэ ажил дээр маш их хөрөнгө зарж байна. Тэгэхээр Монголчуудын нийтлэг эрх ашгийг дээдлэх ёстой юм уу эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг дээдлэх ёстой юу гэдэг асуулт дээр анхаарал хандуулах цаг болсон. Өөрөөр хэлбэл, эрх мэдэлтнүүдийн ар гэр, ах дүү, амраг саданг аврах нь чухал уу, нийт ард түмнээ аврах чухал уу.
Үүнээс гадна зээлийг хүүг хойшлуулж байгаа нь иргэдийн ачаанаас хөнгөлсөн зүйл огт биш. Энэ бол хуримтлагдсан өр юм.
С.Эрдэнэ: Аюулт цар тахлыг дотоодоос бус гадаадаас импортлон оруулж ирж байгаад харамсаж байна