| | USD/MNT 0₮

СУРВАЛЖИЛГА: Гэмтлийн эмнэлгээс яаралтай тусламж авах иргэдийн тоо сүүлийн нэг сарын хугацаанд 23,6 хувиар нэмэгджээ

 

 Гэмтлийн эмнэлэгт сүүлийн нэг сарын хугацаанд гэмтэж бэртсэн иргэд үйлчлүүлэх тохиолдол 200 гаруй тоогоор нэмэгдэж, жилийн хамгийн өндөр оргил ачааллын үе ирсэн байна. Иймд бид ямар шалтгааны улмаас гэмтсэн иргэдийн тоо нэмэгдэж байгаа талаар сурвалжиллаа. 

Тус эмнэлгийн хүлээн авахын хаалга руу ойртох төдийд ёолох хүний дуу сонсогдоно. Цааш ороход очир их байлаа.  Бүртгэлийн ажилтны урд 6-7 хүн эгнэн зогсож байв. Орон нутгаас ирсэн ахимаг насны эгч бүртгэлийн ажилтантай үл ойлголцон, маргалдан зогсоно. Учир нь аймгийн гэмтлийн эмнэлэгтээ үзүүлэхгүй шууд Улаанбаатар хотод ирсэн нь цаг алдаж, эмнэлгийн ажилтны уцаарыг хүргэж байлаа. Яаралтай тусламжийн тасгийн эмчийн өрөөний урд 7 хүн эгнэн сууна. Ихэвчлэн насанд хүрэгчид байв.

Яаралтай тусламжийн тасгийн эмч Б.Наранхүү “Урин дулаан цаг эхлэхээр иргэд аялал зугаалгаар явах, амрах нь ихэсдэг. Үүнтэй холбоотой ахуйн хүрээний гэмтэл бэртэл, зам тээврийн ослууд эрс нэмэгдэж байна. Нэгдүгээрт иргэд бага насны хүүхдийн хараа хяналтыг сайжруулах, хоёрдугаарт тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, өөрийн аюулгүй байдлыг хангах асуудал хөндөгдлөө. Мөн бусдад зодуулах, биеийн хүчинд өртөх тохиолдол нэмэгдсээр байна. Өвлийн улиралд явганаас бэртэх тохиолдлууд ихэсдэг.

"Зуны улиралд сургууль, цэцэрлэг амарсан учир хүүхдийн хараа хяналтгүй байдал нэмэгдэж, гэмтэл тохиолдлууд цөөнгүй тохиолдож байна"

Зуны улиралд сургууль, цэцэрлэг амарсан учир хүүхдийн хараа хяналтгүй байдал нэмэгдэж, гэмтэл тохиолдлууд цөөнгүй тохиолдож байна. Ахуйн хүрээний ослууд нэмэгдэж байгаа учир зарим талаараа мөчдийн гэмтэл их байна. Мөн насаар ангилан тодорхойлох боломжгүй юм. Учир нь гэмтэл бүрийн шалтгаан адилгүй. Өндөр настнууд ихэвчлэн яс хугарах, бага настнууд зөөлөн эд, насанд хүрэгчид зодоон, зам тээврийн осол гэх мэтчилэн механикаар ангилж байна” гэлээ.

 

Тус эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ авах иргэдийн тоо сүүлийн нэг сарын хугацаанд 23,6 хувиар нэмэгджээ. Учир нь дулааны улирал болоход амралт, аялал, зугаалга ихэсдэг тул насанд хүрэгчид согтууруулах ундаа хэрэглэх, автомашины осол гаргах зэрэг тохиолдлууд ихэсдэг байна. Иймд иргэн бүр аялал зугаалгаар явахдаа тээврийн хэрэгслийг дүрмийн дагуу жолоодох, архи согтууруулах ундааг зохистой хэмжээнд хэрэглэж байхыг мэргэжилтнүүд зөвлөлөө.

ВИДЕО: https://fb.watch/sDrJDFYZCp/

 

Сэтгүүлч: А.Булганчимэг 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.