| | USD/MNT 0₮
ШШГЕГ-ын харьяа Хорих 407 дугаар ангид хүмүүжиж байгаа Ч.Баттуул нь хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн гэдэг үндэслэлээр гурван шатны шүүхээс 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр болсон билээ. Өдгөө ялаа биеэрээ эдэлж байгаа. Тэрбээр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Эмэгтэйчүүдийн хорих ангид хүмүүжиж байгаа ээжүүдтэй нь хүүхдүүдийг нь уулзуулах арга хэмжээний үеэр нэгэн сайтын сэтгүүлчид ярилцлага өгчээ.
Хүмүүжигч Баттуул нь хэрэг гарах үед 20-хон настай цэл залуу, хэрэгт холбогдоно гэж төсөөлөө ч үгүй явсан гэж ярьжээ. Тэрбээр "ихэвчлэн хүн амины хэрэг гэнэтийн байдлаар үйлдэгддэг юм билээ. Би энд 14 жил ял эдэлж байна. Энэ хорих ангид хамгийн олон жил биечлэн ял эдэлж, хамгийн удаан сууж байгаа хүн нь би. Ээж маань намайг мөрдөнд ороход хэвлэлээр миний зурагтай гаргасан мэдээг хараад харваж улмаар тархины хорт хавдар болж надтай уулзаж чадалгүй нас барсанд маш их харамсаж явдаг.
Аав, ах нар, нөхөр маань, хадам аав, ээж маань ээлжлээд намайг эргэж тойрдог. Тэднээс би асар их сэтгэлийн дэм авч энэ хугацааг барж байна. Мэдээж энэ олон жилийг энд туулах амар биш. Уйлахдаа уйлж, уурлахдаа уурлаж, бухимдаж давчдах үе олон байсан. Асар их хэцүү зүйлүүдийг туулж явна. Дөрвөн хананы дунд хоригдох асар хэцүү учраас 2015 оноос хорих ангийн нийгэм сэтгэлзүйн албанаас зохион байгуулдаг бясалгалын сургалтад хамрагдаж эхэлсэн. Энэ нь надад маш том өөрчлөлтийг өгсөн. Би эндээс гарвал болсон явдлын талаар ном бичиж, бодит үнэнийг илчилнэ" гэдгийг онцлов. Тэрбээр өнгөрсөн жил өөрийн алдаа оноо, үзэл бодлоо илэрхийлсэн “Би аргадъя” шүлгийн номыг бичиж, нийтийн хүртээл болгожээ.
Хэргийг эргэн сануулахад, 2012 онд Ч.Баттуул нь манай улсын хилээр орж ирсэн Америк иргэн Жон Мартин Кийнийг зургаан удаа буудаж, амь насыг нь хөнөөж цогцсыг нь галдан шатаасан байдаг. Тэрбээр Тайваньд сурч байхдаа багштайгаа танилцсан бөгөөд хувийн харилцаанаас үүдэж энэхүү хэргийг үйлдсэн хэмээн хавтаст хэрэгт мэдүүлсэн байдаг юм. Шүүхээс түүнд хүн амины хэргээр 23 жилийн ял оноосноос өнөөдрийн байдлаар 14 жилийн ялаа биечлэн эдлээд байгаа юм.