| | USD/MNT 0₮
Өнгөрсөн жил төрийн их баяр наадамд түрүүлж, Улсын арслан болсон Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат М.Бадарчаас сэргээш илэрсэн гэх асуудал нэг жилийн хугацаанд дуулиан шуугиан тарьсан билээ. Арбитрын шүүх хүртэл М.Бадарчийг сэргээш хэрэглээгүй гэдгээ нотолж чадаагүй гэж үзсэн. Харин барилдах эрхээ хасуулсан М.Бадарч заал танхимд барилдаж чадахгүй ч наадамдаа барилдах болов уу гэсэн хүлээлттэй бэлтгэлээ тасралтгүй хийж байгаа ажээ. Түүний барилдах эрхийг нь МҮБХ-ноос тодорхой хугацаатайгаар хассан байгаа юм.
Тэгвэл сэргээш хэрэглэсэн гэх асуудалтай холбоотойгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх наадмаас өмнө Улсын арслан М.Бадарчийн цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол, чимэг нөхөн олгох зарлиг гаргаж магадгүй байна гэсэн мэдээлэл цахим орчинд тархаж эхэлжээ. Учир нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны зүгээс Улсын арслан М.Бадарчийн цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдийг цолыг ирэх наадмаас өмнө нөхөн олгох саналыг Ерөнхийлөгчид уламжилжээ. Иймд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цол хураах, нөхөн олгох зарлиг гаргаснаар эл маргаан эцэслэн шийдвэрлэгдэнэ.
Ерөнхийлөгчийн зарлиг гаргавал дараах бөхчүүд цол нэмнэ:
Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин,
Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага,
Улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан,
Улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан,
Улсын аварга Оргихын Хангайд “үлэмж бадрах” чимэг, цол тус тус нөхөн олгоно. Харин улсын арслан М.Бадарч улсын гарьд цолондоо очно гэсэн үг юм. Тэгвэл М.Бадарч ярилцлага өгөхдөө "Гадны бодлого яваад байна уу даа гэж харж хардаж байгаа. Хэний ч хараагүй гадны хоёр хүний гарын үсгээр хүний хувь заяа амьдралыг шийдэхгүй байлгүй дээ. Тусгаар тогтносон улсын Ерөнхийлөгч бодож үзэх байлгүй дээ" гэсэн ярилцлагыг өгсөн юм.