Өчигдрөөс /2024.06.07/ эхэлж улс төрийн намууд нэр дэвшигчиддээ батламж гардуулж эхэлсэн. Харин СЕХ албан ёсоор зургаадугаар сарын 10-ны өдөр олгох юм. Нэр дэвшигчийн үнэмлэхийг 19 нам, 2 эвслийн төлөөлөл тухайн өдрийн 08:00 цагаас эхлэн хүлээн авна. Бие даан нэр дэвшигчдийн тухайд өөрсдөө эсхүл өөрийг нь төлөөлөх хүн Нэр дэвшигчийн үнэмлэхийг авах юм.
Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдөр (2024.06.10)-өөс эхлэн олгож санал авах өдрөөс 24 цагийн өмнө (2024.06.26-ныг дуустал) зогсооно. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар 2024 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг, Үндэсний аудитын газар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүнд хийсэн дүгнэлтийг цахим хуудастаа нээлттэй байршуулна.