| | USD/MNT 0₮
Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Зэвсэгт хүчний 336 дугаар ангийнхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багт 400 гаруй нарс моддыг арчлан ургуулж байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчин, БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армийн хуурай замын цэргийн хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургуулийн хүрээнд энэхүү “Найрамдлын төгөл”-ийг хоёр орны цэргийн алба хаагчид байгуулсан билээ.
Их говийн элсний нүүдэл, цөлжилтийг багасгах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилготойгоор Дорноговь аймагт тарьсан энэхүү нарс мод нь БНХАУ-ын говь хээрийн нөхцөлд ургадгаараа онцлог байна. Зэвсэгт хүчний 336 дугаар ангийнхан “Найрамдлын төгөл”-ийг дагасан бүтээн байгуулалтуудыг ч мөн гүйцэтгэж, ангийн байрлал дахь ногоон байгууламжаа ч нэмэгдүүлж байгаа ажээ.