| | USD/MNT 0₮
Төв талбайн орчимд суулгасан цэцэг хулгайд алдагдаж буйг Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Тодруулбал, тэрбээр “Өвлийн турш хүлэмжид ургуулсан цэцгүүдээ гаргаж ирэн тарьж, хотоо гоё болгох гэхээр хулгайлаад явчих юм. Өдөр нь тарина, шөнө нь байхгүй. Яах вэ. Талбайд ялангуяа үнэтэй олон наст Лили, Алтанзул цэцэг гарч байгаа учраас алдагдаж байна.
Энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг тарихаар төлөвлөсөн юм. Өнөөдрийн байдлаар нийт 150 мянга гаруй цэцэг тарьсан бөгөөд 30 хувийн гүйцэтгэлтэй явж байна. “Сайны хажуугаар саар” гэгчээр алдагдсан цэцгүүдээ нөхөж тарих ажил бас нэмэгдлээ.
Гар нь загатнасан хэсэг бүлэг, хэцүү хүмүүс байх юм. Энэ хот бидний л гэр. Хотоо хамтдаа арчлаад, гоё болгоод авчихвал сайхан шүү дээ. Та бүхнээс ч гэсэн шөнөдөө гудамжнаас цэцэг хулгайлж хумсалж байгаа хүн таарвал шаардлага тавиарай гэж хүсэх байна. Хотдоо эзний сэтгэлээр хандацгаая” гэжээ.