| | USD/MNT 0₮
Дархан- Уул аймгийн Дархан сумын нутагт Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал болон түүний гэргий А.И.Филатова нарын хөшөөг босгожээ.
Ю.Цэдэнбал нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга, сайд нарын зөвлөлийн дарга, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж явсан Монгол Улсын өнгөрсөн түүхийг бүтээсэн хүний нэг юм.
Түүний гэргий А.И.Филатова нь Ю.Цэдэнбалтай 1947 онд айл гэр болсон юм. Филатова нь 1972 онд Хүүхдийн төлөө фондыг байгуулж олон сургууль, цэцэрлэг бариулсан ба найрамдал зуслан, гэрлэх ёслолын ордон, хүүхдийн парк, Батсүмбэрийн ахмад настны асрамжийн газар, хүүхдийн төрөх эмнэлгүүдийг барихад үнэтэй хувь нэмэр оруулсан.
Өнөөгийн Дархан-Уул аймаг нь 1961 оны 10 сард Дархан хот нэртэйгээр байгуулагдсан.
Монгол Улсын хоёр дахь том суурин болсон Дархан-Уул аймгийн төвийг бий болгоход Ю.Цэдэнбалын үүрэг маш их байсан бөгөөд түүний санаачлагаар уг томоохон суурин баригдсан. Тухайн үед Монгол Улсын хоёр дахь том суурин болсон уг газрыг ЗХУ, БНАГУ, (хуучин Зүүн Герман) Чехословак, Болгарын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар босгосон түүхтэй.
Өнөөдрийн хөшөө нь баригдсан байгаа Дархан-Уул аймгийн төв суурин нь баригдахад Ю.Цэдэнбалын үүрэг оролцоо хэмжээлшгүй их гэдэг нь түүхэн үнэн билээ.