| | USD/MNT 0₮
Хүн амын хурдтай өсөлт, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр усны хэрэглээ жил бүр эрчимтэй нэмэгдэж байна. Жишээ нь, 2050 он гэхэд дэлхийн хүн амын тоо 9,8 тэрбумд хүрч усны хэрэглээ өнөөгийнхөөс даруй 20-30 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ.
Түүнчлэн хотжилт эрчимтэй явагдсанаар цэвэр усны хүртээмжийн тэнцвэр алдагдаж, хүн ам болон цэвэр усны нөөцийн жигд биш тархалттай холбоотойгоор ойрын хэдэн арван жилийн хугацаанд дэлхийн олон улс оронд цэвэр усны нөөцийн хомсдол нүүрлэх төлөвтэй байна. 1950 онд 10 саяас дээш хүн амтай цорын ганц хот нь Нью-Йорк байсан бол 2019 онд энэ тоо 45 болж, хотын хүн амын тоо 4.2 тэрбумд хүрээд байгаа бол 2050 он гэхэд дахин 2 тэрбумаар нэмэгдэх төсөөлөл гарчээ. Дэлхийн нийт усны нөөцийн дөнгөж 2,5 хувийг цэнгэг ус эзэлдэг. Дэлхийн хүн амын 2 тэрбум хүн буюу 4 хүн тутмын нэг нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна.
Аливаа улс орны хувьд нэг хүнд ногдох жилийн ундны ус хангамж 1000 шоо метрээс доош байвал усны гачигдал нүүрлэсэнд тооцдог. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамгийн сүүлийн үеийн судалгаагаар, дэлхийн 30 оронд усны хомсдол нүүрлээд байгаагаас 21 нь ноцтой хомсдолд оржээ. Энэ байдал цаашид дэлхий даяар, ялангуяа хөгжиж байгаа орнуудад даамжрах төлөвтэй байна. Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22-т эрэмбэлэгддэг ч усыг хуримтлуулж, нөөцлөн ашигладаггүй учраас усны нөөц хамгийн бага 20 орны тоонд багтжээ. Тодруулбал, Монгол Улсад дэлхийн дунджаас 3-4 дахин бага хур тунадас ордог, тархалт нь жигд бус, усны нөөц багатай юм. Монгол орны усны нөөцийн 98 хувийг гадаргын усны нөөц бүрдүүлдэг. Нийт усны нөөц 564.8 км3 бол, түүний 500 км3 нь нуур тойром, 19.4 км3 нь мөнх цас, мөсөн хуримтлал, 34.6 км3 нь гол мөрөн. Харин хамгийн бага буюу 10.8 км3 нь газрын доорх ус юм. Энэ жил Усны газраас Монгол Улс цэвэр усны хомсдолд орж байгаагаа зарласан тул хүн бүр хариуцлагатай байж усаа хайрлан хамгаалахыг уриалж байна.
Манай орны нийт усны нөөцийн 1.9 хувийг бүрдүүлдэг газрын доорх усаар нийт усны хэрэгцээний 70 гаруй хувийг хангаж байна. Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 75 орчим хувийг Хөвсгөл нуур дангаараа бүрдүүлдэг. Усаа хэмнэх энгийн жишээг дурдахад, шүдээ угаахдаа цоргоо хааж заншвал 18 литр хүртэлх ус хэмнэх боломжтой. Энэ нь долоо хоногоор тооцвол 504 лонх устай тэнцэнэ. Мөн ванн дүүргэхийн оронд шүршүүрт орвол 45 литр ус хэмнэнэ. Ингэснээр ус хэмнээд зогсохгүй мөнгө хэмнэнэ. Учир нь ус халаах төлбөр цахилгааны төлбөрийн 25 хувийг эзэлдэг юм. Цэнхэр алт болсон цэвэр усаа хайрлахгүй юм бол 20 жилийн дараа ус нь нефть байгалийн хийгээс ч үнэтэй болох цаг дор амьдарна шүү.