| | USD/MNT 0₮

СУРВАЛЖИЛГА:108 дугаарт ирсэн 5000 гаруй дуудлагын гуравны нэг хувь нь үл хайхрах хүчирхийллээс шалтгаалсан байжээ

БЗД-ийн есдүгээр хороонд /2024.05.28/-ний өдөр хөл бөмбөгийн талбайд тавдугаар ангийн хүүхдүүд үл ойлголцжээ. Улмаар 10 настай хүүг 5 болон 7, 8-р ангийн хүүхдүүд бүлэглэн зодож, эмэгтэй "М" гэх хүүхэд 2 удаа хутгалсан байна. Энэ мэт мэдээллүүдээс олон хүүхэд гэр бүлийн анхаарал халамж дутуу, хүмүүжил дутмаг өсч буйг анзаарч болно. Иймд бид үл хайхрах хүчирхийллийн тухай сурвалжиллаа.

Хамгийн эхэнд бид Сүхбаатарын талбайг зорьсон юм. Урин дулааны улирал ирэхэд хүүхэд залуус ихэвчлэн гадаа чөлөөт цагаа өнгөрөөдөг. Иймд үл хайхрах хүчирхийллийн тухай тэдний ойлголтыг эндээс асуухад хамгийн тохиромжтой мэт санагдлаа. Талбайд зассан ногоон өнгийн хиймэл зүлгэн дээр залуус тухлан сууж, хөзөр тоглож, дугуй унаж, гитар тоглож, гар бөмбөг тоглоно. Ихэвчлэн 10-20  насны хүүхэд, залуус байв.

 Хүүхдүүд: “Хүчирхийлэлд өртсөн тохиолдолд тоохгүй байх, хөршдөө тусламж үзүүлэхгүй, анги хамт олондоо тоогдохгүй орхигдох, сэтгэл санаа болон бие махбодийн хохирол учруулах зэрэг нь үл хайхрах хүчирхийлэл гэдэг” гэж бидэнд хэллээ. Мөн ихэнх нь гэр бүлтэйгээ тогтмол цаг гарган, илэн далангүй ярилцдаггүй хэмээв.

“ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН 108 ДУГААРТ 2023 ОНД ИРСЭН 5000 ГАРУЙ ДУУДЛАГЫН ГУРАВНЫ НЭГ ХУВЬ НЬ ҮЛ ХАЙХРАХ ХҮЧИРХИЙЛЛЭЭС ШАЛТГААЛСАН БАЙЖЭЭ”

Харин энэ тухай Нийслэлийн Хүүхэд Гэр Бүл Хамгааллын Газрын Хэлтсийн дарга Х.ОюунтуяаХүүхдийн тусламжийн 108 дугаарт 2023 онд ирсэн 5000 гаруй дуудлагын гуравны нэг хувь нь үл хайхрах хүчирхийллээс шалтгаалсан гэдэг мэдээлэл бий. Үл хайхрах хүчирхийлэл гэдэг нь хүүхдийн амь нас, эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдал зэрэг суурь хэрэгцээг хангахгүй, үүнийг мэдсээр байж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй байхыг хэлнэ. Мөн нийгэмд буй нийтлэг ойлголт нь хүүхдээ зодохгүй, бие махбодийн хүчирхийлэл үйлдэггүй л бол хангалттай гэж боддог. Гэтэл хүүхэдтэйгээ хэдэн цагийг өнгөрүүлдэг эсэх нь чухал юм. Хүүхэддээ өдөр бүр идэвхтэй 10 минутыг зарцуулах шаардлагатай. Мөн гэдэс цатгалан, мөр бүтэн байлгах нь хүүхдэд хангалттай гэсэн үг биш юм” гэлээ.

“ҮЛ ХАЙХРАХ ХҮЧИРХИЙЛЭЛ НЬ СЭТГЭЛ САНАА, БИЕ ФИЗОЛОГИ, ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ ГЭСЭН ДӨРВӨН ТӨРЛӨӨР ҮЙЛДДЭГДДЭГ”

“Харин үл хайхрах хүчирхийлэл нь сэтгэл санаа, бие физологи, эрүүл мэнд, боловсрол гэсэн дөрвөн төрлөөр үйлддэгддэг. Үүнээс гарах үр дагавар нь асар ноцтой. Гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэгт өртөх, амь нас, эрүүл мэндээ хохироох үйлдэл гаргах, буруу зүйлд уруу татагдах, цаашлаад донтох зэрэг муу үр дагаварт хүргэх боломжтой” гэлээ.

Тухайн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд дуугаа хураах, хумсаа мэрэх, гэр орноосоо дайжих, хараа хяналтанд дургүйцэх, сурлага хичээлийн байдал муудах, асуудал гаргах зэрэг шинж тэмдэг илэрдэг аж. Иймд асран хамгаалагчид өдөр бүр тогтмол цаг гарган хүүхэдтэйгээ ярилцаж, тэдний саналыг сонсож, анхаарал халамж тавих зайлшгүй шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. Мөн хүүхдийн сэтгэлзүйчид хүүхэдтэйгээ илүү ойр дотно байхын тулд өдөр бүр хүүхдээ 5-8 удаа халуун дулаан дотноор тэвэрч, өдрийн болсон үйл явдлыг нь сонсож, харилцан ярилцлаж, хүүхэддээ урам өгч санаа бодлыг нь сонсож байх нь хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадвартай, нээлттэй ярилцдаг, айж эмээдэггүй болдог, өөртөө итгэлтэй байж чаддаг гэдгийг онцолсон юм. Тиймээс ээж аавуудаа, асран хамгаалагч нараа үр хүүхэдтэйгээ илүү дотно байхын тулд хангалттай цаг зав гаргаж байгаарай.

 Сэтгүүлч: А.Булганчимэг

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.