| | USD/MNT 0₮
Хорт хавдрын улмаас жилд 4000 хүн хорвоог орхиж байна гэсэн тоо судалгааг ХСҮТ-өөс өгсөн байдаг. Энэ бол аймшигтай тоо. Нийт өвчлөлийн 60 гаруй хувийг хортой болон хоргүй хавдар эзлэж байгаа юм.
Тиймээс хорт хавдраар урьдчилан сэргийлэх, үзлэг, шинжилгээг хийхэд төрөөс дэмжлэг хэрэгтэй байна.
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан.
Энэ хууль батлагдсанаар 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн шулуун гэдэсний гэсэн долоон хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болох бөгөөд хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заасан байна. Тодруулбал, Хүн амын дундах өвчлөл, насны онцлогоос шалтгаалан,
- 40, түүнээс дээш насныхан элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа,
- 40, түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа,
- 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг удаа,
- 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах аж,
Хууль батлагдсантай холбоотойгоор 2020 оны улсын төсөвт 39.4 тэрбум төгрөг суулгаж байгаа. Эхний ээлжид тоног төхөөрөмжүүдийг суурилуулаад хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг баталж, эрт илрүүлэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажээ.