| | USD/MNT 0₮
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2024.05.31/ 09 цаг 55 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Дэлэгийн Загджав нь Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн албан тушаалыг эрхэлдэг бөгөөд холбогдох хуульд заасны дагуу Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа тул Төрийн албаны тухай хуульд заасан нөхөн томилох үлдсэн хугацаанд Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулах саналыг танилцуулж байна гэв. Ингээд Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулсны дараа "Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилохыг дэмжье" гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.