| | USD/MNT 0₮

СУРВАЛЖИЛГА: СБД-ийн есдүгээр хороо бетонон ширэнгэ болчихсон гэж иргэд гомдоллож байна

 Улаанбаатар хотыг газар хөдлөлтийн эрсдэлээс хамгаалах тухай Жайка төслийн баг 2019 онд судалгаа гаргасан юм. Тухайн судалгаанд Улаанбаатар хотын газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд өндөр хэмжээний газар хөдлөлт болбол 30-40 мянган өрх өртөх магадлалтай гэдэг тооцоолол гарсан. Иймд барилгын чанарыг сайжруулах шаардлагатай гэдгийг Жайка төслийн баг онцолсон байсан юм.  Тэгвэл Сүхбаатар дүүргийн 9-р хороонд байрлах барилга барилгын доод суурь бүхэлдээ усанд автаж, тэнхлэгээрээ хазайсан байдалтай байна. Мөн барилгын ажил одоог хүртэл үргэлжилж байгаа гэж иргэд мэдээлсэн юм. Иймд бид энэ тухай сурвалжлахаар боллоо.

Тус барилгад очиход хүрэн өнгийн төмөр хашаатай байх бөгөөд ажилчид, хамгаалагч байхгүй байлаа. Эхний Б1 давхрыг барьсан ба доод хэсэг бүхэлдээ усанд автсан харагдана. Ногоон, замаг мэт ус газрын гүнээс гарч буй бололтой.  Тус усанд автсан барилгын хажууд ердөө 32 метрийн хажууд хүрэн өнгийн 16 давхар 236-р байр харагдана. Ер нь энэ газрын ойр орчмын бүх барилга маш замбараагүй зохион байгуулалтгүй, хэт нягтаршил их гэдэг нь илхэн. Учир нь барилга бүрийн хооронд дахь зай 30 метрээс ихгүй байлаа. Улмаар ихэнх нь хүүхдийн тоглоомын талбай гэж нэг саравч, гулсуур байршуулсан байх юм. Зогсоолгүй учир таван машин таглаж байрлуулжээ. Мөн ихэнх байранд ногоон байгууламж байхгүй байв.

“МАНАЙ ОРШИН СУУГЧДЫН БАЙРЫГ ТУЛГААД БАРЬЧИХАЖ”

СБД-ийн Есдүгээр хорооны иргэн С.Баттогтох “Тухайн баригдаж байгаа барилгын хажуугийн байрны оршин суугч байгаа юм. Манайх зургаан давхарт байдаг бөгөөд цонхоор шууд харагддаг. Ийм байгаа барилга цааш баригдаж болдог ч юм уу сайн мэдэхгүй байна. Арай л дэндүү байр байдалтай харагдаж байгаа биз. Усанд шивчихсэн. Эргүүд нь бороо орохоор нураад далийчихсан. Ямар газар нь үүнийг барих зөвшөөрөл өгсөн юм. Манай оршин суугчдын байрыг тулгаад барьчихаж байгаа байхгүй юу. Манай байр 2023 оны долоодугаар сард ашиглалтад орсон юм. Үүний дараахан энэ барилга эхэлчихсэн байсан. Тачигнаад л суурь, хундамыг цутгаад байсан. Энэ хавь хуучин ногоон нуур гэдэг их намагтай байсан газар юм шиг билээ. Энэ барилгыг харахад бороо орохоор бүр живээд доош суугаад байгаа юм. Ядаж байхад манайхтай тулгачихсан. Энэ хавиар цементэн ширэнгэ болж дууслаа. Хотын газар төлөвлөлт арай л замбараагүй байна” гэв.

“БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР НЬ АНХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨХДӨӨ СТАНДАРТАА БАРИМТЛАХ ХЭРЭГТЭЙ”

Түүнчлэн тухайн усанд автсан баригдаж буй барилгын хажуугийн байрны СӨХ энэ тухай дараах мэдээллийг бидэнд өгсөн юм. Тэрбээр, “Би саяхан СБД-ийн засаг даргын хуралд очсон. Энэ талаар холбогдох яам тамгын хүмүүс ирсэн байна билээ. Тэгээд асуухад зөвшөөрөлгүй газар гэж хэлсэн. Манайд бичиг өгөөрэй гэсэн. Би холбогдох газар нь бичиг өгчихсөн байгаа. Манай байрны урд, баруун талд барилга барьж байгаа нь хүндрэлтэй байна. Бид нар холбогдох газар нь Нийслэлийн хот байгуулалт хөгжил, Х.Нямбаатар дарга гээд бүгдэд бичиг өгсөн. Барилга хот байгуулалтын газар нь анх зөвшөөрөл өгөхдөө стандартаа баримтлах хэрэгтэй шүү дээ.  Үнэхээр явган хүн алхах зайгүй байна” гэлээ.

 

 

Барилгын стандартад 16 давхар барилга хоорондын зай тууш чиглэлд 62 метр харин хөндлөн чиглэлд 32 байх журамтай. Гэтэл бидний очсон Ногоон нуур орчимд баригдаж буй уг барилга чанар стандартын шаардлага зөрчиж байгаа юм. Учир нь эл барилгын зүүн талын барилгын хоорондох зай тууш чиглэлд 31 метр, баруун талын зай 3 метр орчим хэмжээтэй байна. Энэ талаарх холбогдох албаны хүнээс тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөх хүн байхгүй байлаа.  Энэ мэт барилгын жишээнээс Улаанбаатар хотын барилга, төлөвлөлт стандартын хэрэгжилт хангалтгүй байгаа нь харагдаж байна.

 

Сэтгүүлч: А.Булганчимэг 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.