| | USD/MNT 0₮
Сүүлийн жаран жил ороогүй их цас энэ өвөл орж, 20 аймаг 160 сум зудын нөхцөл хүндэрсэн. Улмаар 6.6 сая тоо толгой мал үргэдсэн гэж ОБЕГ мэдээлсэн. Тэгвэл зудын нөхцөл байдал малын мах тэр дундаа амьд хонины үнэд нөлөөлсөн эсэх нь сонирхол татав. Харин иргэд амьд хонь малын үнэ тэнгэрт хадсан тухай цахим сүлжээнд нийтэлжээ. Энэ талаар үнэн эсэхийг нягтлах зорилгоор Эмээлт захын худалдаа эрхлэгчдээс сурвалжиллаа.
Эмээлтийн захын үүдэнд тэвшиндээ бог мал ачсан худалдаачид бидний юу сонирхож байгаа талаар ам асууна. Цааш захаар ороход хөл хөдөлгөөн бага харагдав. Ойролцоогоор 10 гаруй хүн хонь мал шинжиж байлаа. Нэг том саравчинд дор 50 гаруй жижиг хашаанд худалдаачид хонь, ямаагаа хашсан байв. Хонь ямаанууд майлалдаж, бууцны үнэр хамар цоргино. Цаг агаар сэрүүхэн, салхитай, бороотой байсан тул худалдаачид саравчны нөмөр бараадан зогсох нь харагдав. Зургаан худалдаачид тойрч ярилцаж байхыг харан зорин алхлаа.
“МАЛЧНЫ ГАРААС ХАМГИЙН ДЭЭД ТАЛЫН ХОНЬ 350 МЯНГААР АВЧ БАЙНА”
Худалдаачин Ө.Шижирбаатар “Малын махнаасаа л шалтгаална. Тарган хонь жоохон үнэтэй л байна. Өмнө жилээс энэ онд амьд хонины үнэ нэмэгдээгүй. Харин өмнө жилийг бодвол зах руугаа орж байгаа үнэ ганц нэг мянган төгрөгөөр доогуур байна. Өмнө жил 17 мянга хүрч байсан. Энэ жил 14.500-аас дээш гарахгүй байна. Зудаас шалтгаалсан малын махад үнэ нэмэгдэл байхгүй. Хамгийн гол нь малын чанараас л болж байна. Би бол Сэлэнгийн Орхонтуулаас зөөж авчирч байна. Энэ зудад Сэлэнгэ аймаг сайн орсон. Малчдын зарж байгаа хамгийн дээд үнэ 350 мянган төгрөг байна. Мал таргалаагүй байхад туранхай мал хүн авахгүй” гэсэн мэдээлэл өглөө.
Үргэлжлүүлэн түүний дэргэд зогсох худалдаачиг нэг хонь 230-280 мянган төгрөгийн хооронд худалдааж байгаа талаар учирлав.
“НАЙР НААДМЫН УУЦНЫ ХОНЬ 500,600 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА”
Тэрбээр, “Найр наадмын ууцны хонь 500, 600 мянган төгрөгийн ханштай байгаа. Одоо хавар цагт сайн хонь үнэтэй байх нь аргагүй. Учир нь өвөлжингөө арчиж бордоод, онд оруулж байгаа юм чинь үнэтэй шүү дээ. Хүч хөдөлмөр орж байгаа. Өмнө жил яг л энэ ханшиндаа байсан” гэв.
Худалдаачин Б.Даваадорж “Одоо бол дээд тал нь 300 мянгаар зарагдаж байна. Энэ жил хөдөө өвөл хүнд болсон. 600 мянгын хонь гэж би лав мэдэхгүй юм. Миний энэ зарж байгаа эр хонь дээд тал нь 350, 360 мянга байсан. Өмнө жилээс энэ жил нэмэгдээгүй байна. Малчид энд оруулж өгч байгаа нь 200-300 мянгаар зарж байна” гэж мэдээлсэн юм.
ҮЗЭХ: https://fb.watch/smlRgK3AW1/
Сэтгүүлч: А.Булганчимэг