| | USD/MNT 0₮

#СУРВАЛЖИЛГА# Ч.Чулуунтуяа: Нохой гэхээр заавал уяж, гинжлүүлж, угаадас идээд амьдрах ёстой гэсэн хандлагатай хүмүүс маш их байна

Өнгөрсөн оны 12-р сард Монгол улс гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай болсон. Тэгвэл Чукатай хамтдаа зовсон амьтдад тусалцгаая ТББ-т ирэх гэмтсэн болон эзэнгүй амьтдын тоо энэ сард 2 дахин нэмэгджээ. Иймд энэ удаад бид тухайн ТББ-ыг зорьсон юм. Тэднийд очиход нэг давхар улаан тоосгон байшин, гурван  тооны цагаан өнгөтэй нохойны үүр харагдаж байлаа. Нохойнууд нь ихэвчлэн гөлгөн бололтой жижгэвтэр биетэй аж. Түүнчлэн байшингийн дотор талд гурван хүн засвар хийж, нэг өсвөр насны хүү хашаан доторхыг цэвэрлэж байв. Тэднийх энэ хашаа байшинг түрээсэлдэг ба хандив болон өөрсдийн санхүүгээр үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Улмаар “Чукатай хамтдаа зовсон амьтдад тусалцгаая ТББ”-ын үүсгэн байгуулагч Ч.Чулуунтуяатай бид уулзахад жавхаалаг цангинасан дуугаар амьдаа өхөөрдөн эрхлүүлж байлаа.

“Нохой гэхээр заавал уяж, гинжлүүлж, угаадас идээд амьдрах ёстой гэсэн хандлагатай хүмүүс маш их байна

Тэрбээр, “Би гадаадад олон жил болж ирсэн учир Монголд амьтадтай хүмүүс хэрцгий ханддаг тухай мэддэггүй байсан. 2019 онд Ковид гараад сургууль амраад энд ирээд амьтдын эрх аймшигтай зөрчигддөг тухай мэдсэн. Тэгээд чадахаараа амьтдад туслах юмсан гэж бодон хичээж одоо дөрвөн жил болж байна. Бид амьтан тэжээх болоогүй байгаа мэт санагддаг. Нохой гэхээр заавал уяанд гинжинд угаадас идээд амьдрах ёстой гэсэн хандлагатай хүмүүс маш их байна. Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль батлагдахыг маш их хүлээсэн. Батлагдсаны дараа харамсалтай нь хууль хэрэгжилт хангалтгүй байна. Тэр хууль яаж хэрэгжиж, хэн дагаж мөрдөж байгаа нь тодорхойгүй. Хэрэв хэрэгжсэн бол энд ирэх амьтдын тоо багасах ёстой шүү дээ. Гэтэл ямар ч нөлөө алга. Миний бодлоор хуулийг хэрэгжүүлэх байгууллага нь маш сайн иргэддээ таниулах ёстой юм болов уу? Учир нь амьтад асарч, авардаг бидийг цахим сүлжээнд “Хүний эрхээ ч шийдэж чадахгүй байж боль” гэх доромжлол, дарамт илгээдэг. Гэтэл иргэд үүний тухай, тэжээвэр амьтдыг засуулах хэрэгтэй байдаг талаар мэддэггүй бол хэцүү шүү дээ” гэлээ.

      “Тус амьтан түр асрах газар 2020 оноос эхэлж үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба одоогоор 15 нохой 21 муур өсөн торниж байна. Мөн тэднийх 2023 онд 500 гаруй амьтад эзэнтэй болгожээ

Түүнчлэн, ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Чулуунтуяа хүний хандлага амьтдын эрхийг хамгаалахад асар том үүрэгтэй болохыг онцолж олсон нэг нохойн түүхийг хуваалцав. Алтан шаргал зүс, тачирхан үстэй дөлгөөн зантай түүнийг Шарков гэдэг аж. Тус байгууллага шарковыг энэ оны нэгдүгээр сарын 3-нд олжээ. Ингэхдээ цасан шуургатайд хөлөө тайруулсан гөлөгний тухай аврал эрэн нэг иргэн цахим сүлжээнд постолсны дагуу очсон байна. Улмаар түүнийг авч хөлийг нь эмчлүүлсэн аж. Эхэндээ хойд талын зүүн хөлийн сарвуу тасарсан байсан ч явах үед хөлөө зөөхдөө цус гаргаж шархлуулаад байсан тул угаар нь тайруулжээ. Шарков одоог хүртэл гурван хөлөн дээрээ тэнцвэрээ олж чадахгүй, ихэвчлэн суудаг байна. Бөө нар нохойны зүүн хөлийн сарвууг тайрч ямар нэгэн зан үйл хийдэг ба шарковыг үүний золиос байх гэж ТББ-ыхан таамагладаг байна.

 

Сэтгүүлч: А.Булганчимэг

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.