| | USD/MNT 0₮
Дэлхийн мэргэжлийн гэрэл зураг сонирхогчдын дунд томоохонд тооцогдох “35AWARD”-ын “Эмэгтэй хөрөг шилдэг 100 зураг” /RETRATO FEMENINO 100 BEST SINGLE PHOTO/ төрөлд Монгол улсаас “ХАТАН” зураг шилдэг дөрөвт шалгарсан юм. Уг зургийг авсан “Урлан” студийн гэрэл зурагчин Миймаагийн Ганзориг нь шилдэг 100 гэрэл зурагчинд багтсан байна.
“35AWARDS” нь гэрэл зургийн бүх төрөлд олон улсын мэргэжлийн гэрэл зурагчдын оны шилдэг 100 бүтээлийг онцлох зорилготой. Шилдгүүдийг шалгаруулахдаа гурван үе шаттай санал хураалт явуулдаг бөгөөд нэрс болон таних тэмдгийг сайтар нууцалж хаалттай байдлаар шалгаруулдаг тул үнэлгээ нь хамгийн бодит болдгоороо өндөр нэр хүндтэйд тооцогддог.
Ингээд бид зурагчин М.Ганзоригтой түүний дарсан зураг болон, тэмцээний тухай онцолж, ярилцлаа.
-35 awards тэмцээнд орох болсон шалтгааны тухай манай уншигчидтай хуваалцана уу?
-35 awards гоё сайт байдаг. Ямар нэгэн шалгууртайгаар хүмүүсийг элсүүлж аваад тэгээд тэр хүмүүс нь оруулдаг байхаар зохицуулсан. Энэ сайт түүгээр давуу талтай. Шинээр орж байгаа хүмүүс эхлээд зургуудаа явуулж шалгуулаад тэгээд тэнцсэн хүмүүс зураг оруулах эрхтэй болдог. 5-6 жилийн өмнө энэ сайтын зургийг үзээд их гоё байсан. Иймд өөрөө зураг хийх гэсэн 2,3н шалгууртай байсан. Өмнө нь орсон хүмүүс дараа орох хүмүүсийг санал өгч шийддэг. Одоо би шинээр орж ирж байгаа хүмүүст санал өгөх эрхтэй болчхож байгаа шүү дээ. Харахаар шүүгч нар нэлээн өндөр шалгуур авч байгаа харагддаг.
Тэгээд сайтаас жил бүр зарладаг гэрэл зургийн уралдаан байдаг. Тэр нь бас маш сонирхолтой байдлаар явдаг. Түүнд оролцсоноороо зөвхөн зургаа явуулаад хариу хүлээгээд суух биш. Миний зураг бараг л 5000 зураг ирсэн бол 4500 эсхүл 3000 дугаар байранд орсон эсэхийг харж хянах боломжтой. Хүмүүсийн саналаар шилдэг зургийг шалгаруулдаг.
-Таны дарсан хөрөг зураг хүмүүст таалагдаж, өндөр үнэлгээ өгөх болсон гол шалтгааныг юу гэж бодож байна вэ?
-Хүмүүсийн хамгийн их анхаарал татаж, сэтгэл татдаг зүйл нь нүд байдаг юм билээ. Харц тулгарах гэдэг мэдрэмж хүнд их онцгой мэдрэмж өгдөг юм байна л даа. Тэр дунд Ихэр-сувдын зураг онцгойрсон нь улаан хувцастай содон өнгө байсан. Шууд анхаарал татсаны дараа томруулаад харахаар Монгол хатны өмсгөл, гоёл маш нарийн хийцтэй. Зурагт орсон хувцас нь зүгээр нэг дуурилгаад хийчихсэн биш жинхэнэ байв. Японых ч юм уу, Хятадын дэлхий нийтээр шууд хараад таньдаг болчхоогүй. Яг Монгол хувцас хүмүүст илүү танигдаагүй байдаг. Тэр нь илүү давуу тал байх.
-Моделиор яагаад Б.Ихэр-сувдыг сонгох болсон бэ?
-Түрүүн ярьснаар би сурталчилгааны зурдаг авдаг. Энэ зураг нь өөрөө HI pay аппликешний маркетингийн багийнхны авхуулсан зураг. Тэр багынхан өөрсдөө хэнийг оруулах, ямархуу хандлагатай юу байх вэ гэдэг дээр түлхүү ажилласан гэсэн үг. Ихэр-сувдыг сонгосон шалтгаан нь тэр багынхан сонгосон гэсэн үг.
-Таны бодлоор сайн зураг дарах гол ноу, хау нууц нь юу вэ?
-Би жишээ нь нэг нохойны хөрөг авч үзсэн. Нохой сонирхдог, үүлдрийг нарийн судалдаг хүмүүс л нохойны зургийг төгс авч чадна гэж нэг хүн хэлж байсан. Тэгэхгүй зүгээр л харахад гоё авна гэдэг юу ч биш ээ. Адуу шинждэг шиг нохой шинждэг. Тэгж шинжиж мэдэхгүй байгаа хүн тэр зургийн цаад мөн чанарыг гаргаж чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр бүх юм дээр тийм. Жишээ нь макро зураг гэхэд техникийн маш өндөр үзүүлэлт шаарддаг. Тэр техникийн нарийн үзүүлэлтийг мэддэг хүмүүс үнэ цэнийг мэднэ. Төрөл бүр хүмүүсийн ойлгох, ойлгохгүй өөр өөрийн үнэ цэнтэй.
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
Сэтгүүлч: А.Булганчимэг