| | USD/MNT 0₮
Замба тивийг уяраах шид гагцхүү ардын дууны “Арга билэг”-т шингэжээ. Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нарын ээлжит этник цомог худалдаанд гарсан байна.
Тэд амьдралын утгыг нээх хийгээд аливаа мөн чанарыг таньж мэдэх, орших эс оршихын заагт буй бүхнийг дэнслэн, дорнын ухааныг хослуулах нь эрхэм хэмээн билгэдэж шинэ уран бүтээлээ “Арга билэг” хэмээн нэрийджээ.
Хоолойн чадвар, дуулах ур маягийг шаардсан “Хун галуу”, “Арван тавны сар”, “Эхийн ач”, “Цэнхэрлэн харагдах уулс”, “Мандах нар” гэсэн сайхан дуунууд энэхүү цомогт багтжээ. Монгол туургатны баяр жаргалтай аль эсвэл гуниг гутралтай аль ч цаг үед ардын дуу хамтбайсан. Тэнгэр шиг цэлгэр, тал шигээ уудам, сүрлэг уулс шигээ сайхан аялгууг сонсох төдийд сэтгэлийн таашаал эдэлдэг болохоор тэр биз. Хөг аялгуу гэдэг байгалийг бүхэлд нь илэрхийлж чаддаг учраас нөгөө талаар бид байгалийн амьтан болохоор дуу хууранд татагдахгүй байхын аргагүй юм. Магадгүй хүнийг хорвоотой холбох эсвэл илүү ойртуулах гүүр нь болдог ч юм билүү. Ямархан хоолой бүх дэлхийг сэрээж чадахаар ийм хүчтэй бас тийм уяхан байдгийг “Арга билэг”-ээс мэдрээрэй.
Үндэсний хөгжмийг орчин үеийн хэв маягт хэрхэн гайхалтай хослуулсныг сонсоорой. Үндэсний соёлоо түгээн дэлгэрүүлж яваа Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар дуучин Б.Алтанжаргалтай хамтран дуулсан “Мандах нар” дуугаа дүрсжүүлж, ард түмнийхээ сонорыг мялаалаа. Алтан наран үдшээр жаргаж үүрээр манддаг ч амраг сэтгэлийн нар зүрхэнд өнө мөнх манддагийг сануулсан дууны этник клип үзэгчдийн омогшлыг бадраасан биз ээ. Ардын дууны ертөнцөд наран мандаж байна. Өөр хаана ч ийм уяхан нар манддаггүй байх.
О.Гал
Тэд амьдралын утгыг нээх хийгээд аливаа мөн чанарыг таньж мэдэх, орших эс оршихын заагт буй бүхнийг дэнслэн, дорнын ухааныг хослуулах нь эрхэм хэмээн билгэдэж шинэ уран бүтээлээ “Арга билэг” хэмээн нэрийджээ.