| | USD/MNT 0₮
БСШУСЯ-ныхны балаг дуусахгүй нь. Тавдугаар ангийн хүүхдээс ч дор хийсэн макет, сургалтын зээлийн төлбөрийн мэдэгдэл, таван тэрбумын тендер, Хятадад хэвлүүлсэн сурах бичгүүд гээд тус яамныхантай холбоотой но-той баримтууд дуусахгүй. Хамгийн сүүлд бид таван тэрбум төгрөгөөр компьютер худалдаж авахаар тендер зарласан болохыг мэдээлсэн.
Уг нь боловсрол бол улс төр, ашиг сонирхол зэргээс ангид байх ёстой “эмзэг” салбар. Учир нь улс орны боловсрол мэдлэгтэй ирээдүй ганцхан тэднээс л шалтгаална. Гэтэл манай улс шинэ цагийн иргэдийнхээ хэрэгцээ, шаардлагыг хангахуйц боловсрол олгож чадахгүй байгааг нийтээрээ шүүмжилж сууна.
Шинэ цаг үе, нийгмийн шаардлагад нийцсэн монгол хүүхдийн дүр төрх, тэднийг бэлтгэх, төлөвшүүлэхэд багшийн үүрэг, оролцоо, боловсролын зорилго, багш бэлтгэх тогтолцоо гажуудаад уджээ. Ёстой л нөгөө салбараа мэдэхгүй сайд, удирдлагатайн зовлон дуусах биш дээ.
Иймд төсвийн мөнгийг хэдэн зуун саяар нь үрэн таран хийж, ариун цэврийн цаас “болгож” буй БСШУСЯ-ны дампуурсан удирдлагуудыг шүүмжлэхээс өөр арга алга.
БАРИМТ 1: Жил бүр улсын төсвийг 500-600 саяар нь үрэн таран хийдэг
2014 оноос цөм хөтөлбөрийн хүрээнд сурах бичиг зохиох, нөхөн хэвлэхэд улсын төсвөөс 14 тэрбум төгрөг зарцуулжээ.
Тухайлбал, нэгдүгээр ангийнхны бэлтгэл, монгол хэл, математик, хүн ба орчин, дүрслэх урлаг, технологи, хөгжим, иргэний боловсролын номыг тус бүр тухайн жилд элссэн сурагчдын тоогоор дунджаар 60-80 мянган хувь хэвлэдэг аж. Товчоор хэлбэл, өмнөх жилүүдийнхээ номыг хэрэглэхгүй, хаядаг байх нь. Үүнд жил бүр улсын төсвийн 500, 600 сая төгрөгийг зарцуулдаг гэсэн үг.
Үүгээр ч зогсохгүй сурах бичгүүдийг буруу зөрүү хэвлэсэн өчнөөн асуудал гарч байв. Жишээлбэл, нэгдүгээр ангийн иргэний боловсролын хичээлийн номыг гурван янзаар хэвлэсэн. Бага боловсролын цөм хөтөлбөрийн хүрээнд шинээр зохиосон гэх тус номыг 2016 онд хэвлүүлэхдээ үг, үсгийн тоймгүй их алдаатай гаргасан байна. Эцэстээ шүүхээр хэргийг хэлэлцэж, дахин зохиох шийдвэр гаргасан гэнэ. БСШУСЯ төсөв мөнгөгүй учраас 2011 онд буюу ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцоонд шилжихэд ашиглаж байсан номоо 2018 онд 70 000 хувь хэвлүүлж тараасан аж. Түүнчлэн 2018 онд 1-12 дугаар ангийн сурах бичгийг нөхөн хэвлэхэд дөрөв орчим тэрбум төгрөг зарцуулжээ. Их хэмжээний мөнгө зарцуулахад алдаатай зохиосон ном голлох “үүрэг хүлээснийг” салбарын мэргэжилтнүүд өгүүлснийг “Өнөөдөр” сонин онцолжээ.
БАРИМТ 2: Сурах бичиг хэвлэх мөнгөгүй хэрнээ компьютер авах таван тэрбумын хөрөнгөтэй
БСШУСЯ-ны тансаг удирдлагууд багш нартаа таван тэрбум төгрөгөөр зөөврийн болон суурин компьютер авч өгөхөөр нээлттэй тендер зарлажээ. Тухайлбал, Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нээлттэй тендер зарлагджээ. Эхнийх нь БСШУСЯ/202002505 кодтой “Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагад нэг тэрбум төгрөгөөр суурин компьютер худалдан авах” тендер, удаах нь БСШУСЯ/202002504 кодтой “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарт дөрвөн тэрбум төгрөгөөр зөөврийн компьютер худалдан авах” тендерийг тус тус зарлаад байна.
Энэхүү худалдан авах ажиллагааг хэт тансаглал гэж үзэх нэг нь байхад нөгөө хэсэг нь тендер нэртэй луйвар, мөнгө идэх гэсэн башир арга хэмээн хардах нь ч бий. Учир нь тендер сонгон шалгаруулалт зарласан гэдэг хэрнээ хэн нэгэн албан тушаалтны хамаарал бүхий этгээд сонгогддог нь нууц биш. Мөн нэг компьютерийг дунджаар хоёр сая төгрөг хэмээн тооцъё. Үүнээс үнэтэй нь ч бий, хямд нь ч бий. Ингээд үзэхээр таван тэрбум төгрөгөөр ойролцоогоор 2500 ширхэг компьютер авах юм. Цэцэрлэгийн багш нарт ийм их хэмжээний зөөврийн компьютер хэрэг болох эсэх нь эргэлзээтэй.
БАРИМТ 3: Гологдсон макетыг Төрийн ордонд оруулж ирсэн хүмүүст хариуцлага тооцсонгүй
Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн макетуудыг хараад Ерөнхий сайд “гомдож” байсан цаг саяхан. Хөрөнгө мөнгө, газрынх асуудлыг шийдвэрлээд өгчихсөн байхад бүтэн жилийн хугацаанд шүдэнзний мод хооронд нь наачихсан байхад гомдохгүй гээд ч яах билээ. Гэхдээ ингээд гомдож, загналаа гээд асуудал шийдэгдсэн үү гэвэл үгүй. Арван жилийн хүүхдээс ч дор хийсэн макетуудыг Төрийн ордонд оруулж ирсэн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр нарт ямар ч хариуцлага тооцоогүй нь боловсролын системийн хамгийн том гажуудал мөнөөсөө мөн. Тэд бол өөрийнх нь томилсон томилгоонууд биш. Угсаа гарвалыг нь хөөгөөд үзвэл УИХ-ын дарга асан М.Энхболдын фракцынх. 60 тэрбумын схемынх ч байхыг үгүйсгэхгүй.
БАРИМТ 4: Яамны зарласан тендерт шалгарсан компани хууль бус үйлдэл хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ
2019 оны хичээлийн жилд VIII, IX ангийн сурах бичиг хугацаандаа гаралгүй 85 000 орчим хүүхэд нэгдүгээр улирлаа давсан. Сонгон шалгаруулалтад тэнцсэн “Очир пресс” ХХК нь номоо урд хөршид хэвлүүлж, хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг мөн л олныг шуугиулаад авсан. Тодруулбал, 2019 оны аравдугаары сарын 22-нд Монгол Улсын иргэн З нь БНХАУ-аас Замын-Үүд хилийн боомтоор ерөнхий боловсролын сургуулийн VI ангийн хоёр нэр, төрлийн 482 хайрцаг бүхий 43 060 ширхэг ном нууцаар нэвтрүүлэх гэж байгаад үйлдэл дээрээ баригдсаныг МХЕГ зарласан. Уг нь тендерийн гэрээнд заасны дагуу сурах бичгийг зөвхөн Монголд л хэвлэх ёстой баймаар.
Хамгийн гол нь дээр дурдсанчлан боловсрол бол нийгмийн хамгийн чухал бөгөөд эмзэг салбар. Буруу тийш нь л залвал нийгэмд асар хор хохирол учруулах нөлөөтэй. Ийм стратегийн чухал салбарыг мэргэжлийн бус хүмүүс удирдаж явах ёсгүй. Ухаангүй ноёнд урагшгүй албатууд гэгчээр хэвлэлийн хуудас тутамд 1 500 000 төгрөгийн цалин авсан номын зохиогч нар алдаа гаргасны балгаар 100 орчим нэр, төрлийн сурах бичгийг засаж, дахин хэвлүүлсэн. Хэнд нь ч хариуцлага тооцоогүй.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр нар ийм л маягаар боловсролын салбарыг удирдаж явна. Төрийн нарийн бичгийн дарга нь ч улс төр хэмээн хөөрцөглөн сонгуульд нэр дэвшихээр суудлаа орхисон. Эдгээр нөхдүүдээр удирдуулсан монголын боловсролын систем улам гажуудсаар сурагчдын сурлагын чанар анги дэвших тусам буурсаар байна. Үүний хариуцлагыг Ё.Баатарбилэг болон Г.Ганбаяр нараас нэхье.
БСШУСЯ-ныхны балаг дуусахгүй нь. Тавдугаар ангийн хүүхдээс ч дор хийсэн макет, сургалтын зээлийн төлбөрийн мэдэгдэл, таван тэрбумын тендер, Хятадад хэвлүүлсэн сурах бичгүүд гээд тус яамныхантай холбоотой но-той баримтууд дуусахгүй. Хамгийн сүүлд бид таван тэрбум төгрөгөөр компьютер худалдаж авахаар тендер зарласан болохыг мэдээлсэн.