| | USD/MNT 0₮
Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн, Д.Отгонхүү нар Эверестийн оргилд нэмэлт хүчилтөрөгчгүй, хөтөчийн тусламжгүй гарахаар зориг шулуудсан билээ. Гэвч Д.Отгонхүү бие нь муудаж нүд нь өвдөж, доошоо кэмп рүүгээ буцсан бол Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн дээшээ авиралтаа үргэлжлүүлсэн ч энэ сарын 12-ны өдрөөс сураггүй алга болоод байв. Харамсалтай нь эрлийн багийнхан өнгөрсөн баасан гарагт Ц.Өсөхжаргалын цогцсыг олсон. Тэгвэл өчигдөр эрэн хайх ажиллагааны үеэр, 31 настай Л.Пүрэвсүрэнг мөн нас барсан байдалтайгаар Эверестийн оргилын 8400 метрийн орчимд олжээ. Тэрээр олсноосоо гарч доошоо унаж амиа алдсан бол талийгаач Ц.Өсөхжаргал нь олсноосоо доош унаж, хаданд гацсан байдалтай олдсон гэдгийг эрлийн багийнхан хэлсэн юм.
Эверэстийн оргилыг 8849 метрийн өндөр гэвэл талийгаач Л.Пүрэвсүрэнд 400 гаруй метр л үлдээд байжээ. Харин Ц.Өсөхжаргал 8550 метрийн өндрөөс олдсон байгаа юм. Хүсэл зорилгоо мөрөөдлөө биелүүлэхээр яваад зуурдаар амиа алдсан уулчдын ар гэрийнхэн очсон байгаа бөгөөд өндөрт уулчдын цогцсыг аюулгүй болгосон байгаа. Харин Пратек Гупта даатгалын компани "Нас барсан уулчдын ар гэрийнхэн болон Монголын консулын газартай хамтран ажиллаж байгаа, нас барсан уулчдыг бааз руу буулган эх оронд нь буцаах болно" гэж мэдэгджээ.