| | USD/MNT 0₮

Л.Нарангэрэл: Ээжтэйгээ хамт дуулах дэндүү сайхан байдаг

Энэ удаагийнхаа MY CAREER буландаа дуу хуурын өлгий нутаг болох Дундговь аймгийн харьяат МУГЖ Ц.Чулуунцэцэгийн охин, дуучин Л.Нарангэрэлийг урьж оролцууллаа. Тэрбээр гэр бүлээрээ урлаг хэмээх том айлд хүчин зүтгэж яваа залуу уран бүтээлчид билээ. Хоолойны өнгө дууны цараагаараа бусад дуучдаас ялгарч чаддаг Л.Нарангэрэлийн дуулсан "Магнаг цэнхэр дэлхий" уран бүтээл нь олон хүний сэтгэлд хүрчээ. Мөн тэрбээр ээжтэйгээ хамт "Эндүүрмээр гэнээ би ээжтэйгээ" дууг дуулсан байдаг бөгөөд ээжтэйгээ хамт дуулахад дэндүү сайхан, түшигтэй байдаг юм гэж ярьжээ.

Тэрбээр "Миний ээжийг Өнөр бүл уран сайхны киноны Цэрмаагаар хүмүүс сайн таньдаг. Энэ сайхан хүний үр удам болж яваадаа миний бие маш их баяртай байдаг. Хамгийн анх наймдугаар ангидаа ээжийнхээ "Мөнхөд эгшиглэх аялгуу" гэсэн тайлан тоглолт дээр хоёр ягаан даашинзтай гарч дуулж байлаа. Тэр даашинзыг ээж минь өөрөө оёж өгч байсан. Бас уран хүн шүү. 

Ээжтэйгээ тайзан дээр хамт гараад дуулахаар үнэхээр гоё санагддаг. Том түшиг тулгуур, хайр гээд үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрүүлдэг. Хүмүүс маш сайхан хүлээж авахаар ямар сайхан хайр халамж бэ гэж боддог. Гадуур явж байхад хүмүүс энэ чинь нөгөө Цэрмаагийн охин байна шдээ гэж ярихаар нь яалт ч үгүй хичээх ёстой. Надад навсайж явах эрх байхгүй. Маш их хариуцлага. Гэр бүлийнхээ нэр төрийг өндөрт өргөж явах юмсан гэж боддог. 

Би их хувь ерөөлтэй хүн. Эрхэм сайхан багштайгаа тайзан дээр гарч дуулна. Ямар гоё хайр бахархал төрүүлдэг гэж санана. Ээжтэйгээ мөн гарч дуулна гэдэг үгээр хэлэхийн аргагүй ертөнцүүд. Ханьтайгаа гарч дуулна. Түшиг тулгууртай. Үнэхээр гайхамшигтай, уран бүтээлч хүний нэг жаргал юмдаа. 

"Магнаг цэнхэр дэлхий" дууг дуулах гайхамшигтай хувь тохиосон нь миний бие маш их баяртай байдаг. Багш маань хамгийн анх энэ дууг дуулаарай гэж хэлэхэд нь баярлаж байлаа. Хоёрдугаарт их үүрэг хариуцлага ирснээ ойлгож байсан. Дуулахгүй, хоёр гурван жил азнаж байгаад за одоо дуулах болсон гэж санаанд багтаад ирэхэд нь дуулъя гээд багшдаа санал тавьж дуулсан даа.