| | USD/MNT 0₮
БНХАУ-д төрийн айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хэлэлцээ хийж, иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа.
Хамтарсан мэдэгдэлд, талууд НҮБ төвтэй олон улсын тогтолцоо, олон улсын эрх зүйд суурилсан дэлхийн хэв журмыг тууштай дэмжиж, НҮБ, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа, “ИХ 20” зэрэг олон улсын тавцанд байр сууриа нягт уялдуулах, олон туйлт дэлхий ертөнц, олон талт эдийн засгийн даяаршлын үйл явцыг урагшлуулахаа мэдэгджээ.
ОХУ БРИКС-ийг даргалах болон БНХАУ энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн ШХАБ-ыг хугацаанд Бээжин, Москва хоёр бие биеэ дэмжин, бөмбөрцгийн өмнөд хагасыг нэгтгэх, бэхжүүлэх зорилгын хүрээнд бүх талын нягт, бодит, оролцоотой түншлэлийг хөгжүүлэхээ илэрхийлжээ. Үнэн, шударга ёсыг тогтоох үүднээс талууд олон улсын тулгамдаж буй асуудлыг улс төрийн арга замаар зохицуулна. Өнөөгийн ертөнцөд хүйтэн дайны сэтгэхүй давамгайлж байна.
Нэг улсын ноёрхол, блок хоорондын сөргөлдөөн, хүчний бодлого дэлхий дахины энх тайван, аюулгүй байдалд шууд заналхийлж байна гэж Ши Жиньпин онцлон тэмдэглэжээ.
Түүний хэлснээр, Палестин, Израилын мөргөлдөөнийг яаралтай шийдвэрлэх, Палестины асуудлыг НҮБ-ын тогтоолыг хэрэгжүүлэх замаар хоёр улсын томьёо дээр үндэслэн шийдвэрлэх шаардлагатай гэдэгт талууд санал нэгджээ.
БНХАУ, ОХУ нь Украины хямралыг улс төрийн арга замаар шийдвэрлэхийн төлөө байр сууриа илэрхийлэв. Хятадын байр суурь тодорхой. НҮБ-ын дүрмийн хэм хэмжээ, зарчмыг баримтлан, улс орны тусгаар байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон аюулгүй байдлын тэнцвэртэй, үр дүнтэй болон тогтвортой үндэс суурийг бий болгох хүсэл эрмэлзлийг хүндэтгэх явдал юм гэж Ши Жиньпин мэдэгджээ. Хятадын тал Европт энх тайван, тогтвортой байдал ойрын ирээдүйд тогтоно гэж найдаж байгаа бөгөөд үүнд өөрийн хувь нэмрээ оруулахад бэлэн буйгаа илэрхийлэв. Түүний хэлснээр, хоёр улсын 75 жилийн хүчин чармайлтын дүнд БНХАУ, ОХУ-ын олон зууны найрсаг, бүх талын хамтын ажиллагаа аливаа хүндрэл бэрхшээлийг даван туулах, шинэ оргилд хүрэх том хүч болж чадлаа гэв.
Бидний хэлэлцээ Орос, Хятадын баяр суурь олон улсын болон бүс нутгийн ихэнх асуудлаар ижил эсвэл ойролцоо буйг харууллаа гэж Владимир Путин онцолжээ. Түүний хэлснээр, хоёр улс хараат бус, бие даасан гадаад бодлого явуулж байна.
Талууд НҮБ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, олон улсын эрх зүй, соёл иргэншлүүдийн олон янз байдал, дэлхийн хамтын нийгэмлэгийн бүх оролцогчдын эрх ашгийн тэнцвэрт тулгуурласан илүү шударга, ардчилсан, олон туйлт дэлхийн хэв журмыг цогцлоохын тулд хамтран чармайж байна. Энэ үүднээс хоёр улс дэлхийн эдийн засгийн удирдлагыг эрүүлжүүлэх, Дэлхийн худалдааны байгууллага, “Их 20”, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форум зэрэг олон талт институтийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, улс төрөөс ангид байлгахын төлөө байна.
Талууд Ази, Номхон далайн бүс нутагт улс төр, цэргийн эвслээс ангид найдвартай, эрүүл хөрсийг бий болгох шаардлагатай гэж үзэж байна гэж В.Путин онцолжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины БНХАУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд талууд 10 хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зуржээ. Айлчлалын хөтөлбөрийн дагуу В.Путин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяныг хүлээн авч уулзана. Тэрбээр Харбин хотноо баасан гарагт эхлэх Орос, Хятадын хамтарсан экспо болон хоёр улсын хил орчмын бүс нутгийн чуулга уулзалтад оролцох юм.