| | USD/MNT 0₮
Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт Хятадын хөрөнгө оруулалттай нэр бүхий таван компани саналаа ирүүлснийг үнэлгээний хороо судлаад “Yutong Bus" компанийг шалгаруулсан. Ингээд тус компани энэ оны хоёрдугаар сард манай улсад 600 ширхэг шинэ автобус нийлүүлсэн юм. Улмаар улсын төсвийн санхүүжилтээр 183 тэрбум 438 сая 632,900 төгрөгийн төсөвт өртгөөр автобусыг худалдан авч байлаа. Гэтэл зарим иргэд автобусны гар утасны цэнэглэгчийн залгуурт бохь наах, сандлын бүрээсийг зүсэж, урах, архины шил хаях зэрэг тохиолдлууд гарсаар байгаа аж. Иймд бид Сүхбаатарын талбайн урд автобусны зогсоолд байрших Yutong брэндийн автобусны жолоочдоос сурвалжилга бэлтгэлээ.
Шинэ 600 автобусыг гаднаас харахад хэн бүхэн андахгүй таних боломжтой. Учир нь Улаанбаатар хотод үйлчилдэг өмнөх нийтийн тээврүүдээс саарал өнгө, орчин үеийн загвараар ондоошно. Бид зургаан автобусанд суухад шалаар нь хог хөглөрч, сандлын ард тал гутлын тоос, шавхай болсон харагдаж байв.
“Хүмүүс хогийн сав нь байхад хогоо шалан дээр эсхүл сандал доор хаяж байна”
Жолооч Х.Алтанхуяг, “Зорчих тээврийн нэгтгэл гэж Морингийн даваанд шинэ бааз нээгдсэнээс хойш шинэ автобусыг барьсан. Хүмүүс хогийн сав нь байхад хогоо шалан дээр эсхүл сандал доор хаяж байна. Мөн байнга суудлын ард хөлөө арчдаг юм уу өшиглөсөн байдаг. Орой бүр цэвэрлээд өглөө цэвэрхэн автобустай гардаг. Иргэдэд цэвэрхэн автобусаар үйлчлэх гэж сайтар цэвэрлэдэг. Тэгээд утасны залгуурт бохь наачихдаг. Уг нь өөрсдөд нь хэрэгтэй баймаар юм. Иргэд жоохон хотын соёлыг суралцаад өгчихвөл зүгээр байна” гэж учирлалаа.
“10 ЖИЛ ЖОЛОО БАРЬХАД АНХ УДАА ШИНЭ АВТОБУС БАРЬЖ ҮЗЛЭЭ”
Жолооч Д.Гүнсмаа, “10 жил жолоо барихад анх удаа шинэ автобус барьж үзлээ. Энэ автобусыг хариуцаад 2 сар болж байна. Шинэ автобусны хаалгыг эвдэлж, сандал суудлыг сийчих, орж ирээд архины шил хаях зэрэг үйлдлүүд гаргаж байна. Одоо уг нь 23 дугаар зуун шүү дээ. Өглөө бүр цэвэрхэн автобус үйлчилгээнд гаргадаг шүү дээ” гэсэн юм.
Жолооч Д.Сугар, “Өнөөдөр Н3 шугамд явж байна. Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл чиглэл гэсэн үг. Тэгээд манай иргэд маш ухамсаргүй байна. Одоо ууж идсэн зүйлийн хог оо шууд хаячихдаг. Манайх бол орой ажлаасаа буугаад дотор, гадаргүй цэвэрлэгээ хийдэг байгаа. Иргэдэд зориулагдсан шинэ автобусыг бохир заваан хэрэглэж байна” гэж мэдээлэв.
Сэтгүүлч: А.Булганчимэг