| | USD/MNT 0₮
60 гаруй жилийн турш богино өгүүллэг бичсэн Э.Мунро Канадын хөдөө нутгийн амьдралыг голчлон дүрслэн үзүүлдэг. Тэрбээр даваа гаргийн орой Онтарио мужийн Порт Хоуп хот дахь гэртээ таалал төгссөнийг ар гэрийнхэн болон түүний бүтээлүүдийг хэвлэдэг хэвлэлийн компани мэдэгджээ.
Э.Мунрогийн өгүүллэгүүдэд ухаарал, өрөвч сэтгэлийн талаар өгүүлдэг тул түүнийг заримдаа Оросын зохиолч Антон Чеховтой харьцуулах нь бий. Канадын “Penguin Random House” хэвлэлийн компанийн гүйцэтгэх захирал Кристин Кочрейн мэдэгдэхдээ "Элис Мунро бол Канадын төдийгүй дэлхийн өнцөг булан бүр дэх уншигчдын шүтэн биширдэг зохиолч, улс үндэстний үнэт эрдэнэ байлаа" гэв.
Э.Мунрогийн анхны томоохон бүтээл нь 1968 онд хэвлэгдсэн “Dance of The Happy Shades” богино өгүүллэгийн түүвэр юм. Онтариогийн баруун нутгийн буйдхан хэсгийн амьдралыг дүрслэн өгүүлсэн энэ бүтээл Канадын утга зохиолын дээд шагнал болох Амбан захирагчийн нэрэмжит шагналыг хүртэж байлаа. Энэ нь түүний амьдралынхаа туршид хүртсэн амбан захирагчийн гурван шагналын эхнийх нь байв.
Э.Мунро 13 өгүүллэгийн түүврээс гадна “Охид ба эмэгтэйчүүдийн амьдрал” нэртэй нэг роман, сонгодог өгүүллэгийн хоёр боть хэвлүүлжээ. Тэрбээр 1931 онд Онтарио мужийн Уинхем сууринд үнэгний фермийн аж ахуй эрхлэгч ба сургуулийн багшийн гэр бүлд мэндэлжээ. Түүний бичиж туурвисан бүтээлүүдэд дурдсан олон үйл явдал тухайн нутагт өрнөж, нутгийн хүмүүс, соёл, амьдралын хэв маягийг дүрслэн үзүүлдэг.
Ахлах сургуульд суралцаж байхдаа Э.Мунро шилдэг сурагчаар шалгарч, Лондон хот дахь Баруун Онтариогийн их сургуульд суралцах тэтгэлэг авчээ. Түүнчлэн их сургуульд элсэх хүсэлт гаргасан бүх сурагчийн дотроос англи хэлний шалгалтад хамгийн өндөр оноо авч байв. 1950, 1960-аад онд түүний бичсэн түүхүүд CBC телевизээр цацагдаж, Канадын хэд хэдэн тогтмол хэвлэлд нийтлэгдсэн байна.
Түүний зохиолуудаас олны хамгийн сайн мэдэх бүтээлийг дурдвал “The Bear Came Over the Mountain” бөгөөд 2006 онд энэ зохиолоор Британийн жүжигчин Жули Кристи, Канадын жүжигчин Гордон Пинсент нарын гол дүрд нь тоглосон “Away from Her” киног бүтээжээ.
2009 онд Э.Мунро өөрийн бий болгосон ололт амжилтынхаа төлөө Букерийн олон улсын шагналыг хүртсэн байна. Шүүгчид тухайн үед мэдэгдэхдээ, Элис Мунрог унших нь урьд өмнө хэзээ ч бодож байгаагүй зүйлийг сурна гэсэн үг хэмээн дурджээ.
Хожим нь тэрбээр 2013 онд Нобелийн шагнал хүртсэн юм. Өмнө нь энэхүү нэр хүндтэй шагналыг Английн зохиолч Редьярд Киплинг, Америкийн зохиолч Тони Моррисон, Эрнест Хемингуэй зэрэг утга зохиолын салбарын томоохон зүтгэлтнүүд хүртэж байсан билээ.