| | USD/MNT 0₮

Нэрт сэтгүүлч Г.Отгонбаярын бүтээл туурвилыг салбарын нөхөд нь хэвлүүлж номын хурим хийв

“Үг минь үнэлэгдэж буй цагт

Үнэний төлөө

Үзгээ элэгдтэл бичнэ” хэмээн бичиж үлдээгээд цэл залуухан 49 насандаа энэ хорвоог орхисон нэрт сэтгүүлч, аналитик тоймч Г.Отгонбаяр агсаны сэтгүүлзүйн салбарт бүтээж, туурвисан бүтээлийг нэгтгэсэн гурамсан номыг өнгөрөгч баасан гарагт сэтгүүлзүйн салбарын нөхөд нь нэгтгэн хэвлүүлснээ уншигч олонд өргөн барьж, номын хуримыг нь хийв. Амьд ахуй цагтаа бүтээлээ нэгтгэж ном болгож гаргана хэмээн бодож явсан түүний сүүлийн хүслийг нь гэргий Т.Сайханцэцэг, уран бүтээлийн анд Д.Тунгалаг, шавь Б.Түвшинтөгс нар нь гүйцэлдүүлж, 1000 гаруй бүтээлээс нь шилдэг гэсэн 115 нийтлэл, 22 ярилцлагыг нь шилж, энэхүү гурамсан бүтээлд багтаажээ. Төмөр замын инженер мэргэжлээр сургууль дүүргэсэн ч “Ардын эрх” сонины дэргэдэх “Шавь” сургалтаас сэтгүүлзүйн салбарт тод гийсэн од болон мэндэлж, 1998 оноос хойш сэтгүүлзүйн салбартай амьдралаа холбосон тэрээр өнгөрсөн хугацаанд улс төр, эдийн засаг, нийгмийн олон арван сэдвээр аналитик тойм туурвиж, сэтгүүлзүйн салбарт “Отгонбаяр школ” бий болгожээ.

Түүний энэ салбарт үлдээсэн орон зай дэндүү том хийгээд өнөөдрийг хүртэл Отгонбаярын орон зай үгүйлэгдэж буйг түүний багш, сэтгүүлзүйд хөтлөн оруулсан Д.Ганболд энэ өдөр дурсан ярьсан юм. Тэрбээр, “Сэтгүүлзүй, сэтгүүлчдийн нэр хүнд унаж буй энэ цагт энэхүү уран бүтээл маш чухал. Нийгмийн шилжилт, алдаа оноотой цаг үед хүмүүс ямар байсан, нийгэм, улс төрийн амьдралын бүх түүхийг энэхүү гурамсан бүтээлд багтаажээ. Бүх цаг үеийн товчоон гэж хэлэхэд буруудахгүй юм. Номыг уншиж байхад хуучин танилтайгаа уулзаж байгаа юм шиг санагдлаа.

Өдөр тутмын сонин гэдэг бол сэтгүүлзүйн гол цөм. Номыг эмхэтгэн нэгтгэсэн баг хамт олонд халуун баяр хүргэе. Шавь сургалтаас төрөн гарсан тод од байлаа, миний шавь. Манай Отгоо сэтгүүлзүйд зарчим, үнэн зөв сэтгүүлзүй, баримтыг хатуу баримталж, эрүүл сэтгүүлзүйг бий болгож явсан. “Үндэсний шуудан” тэр дундаа Отгонбаяр школыг сэтгүүлзүйд бий болгож чадсан” хэмээлээ.

Харин тус номыг эмхэтгэх ажлыг удирдсан түүний шавь, “Үндэсний шуудан”-гийн бэлтгэгдсэн “цэрэг”-үүдийнх нь нэг Б.Түвшинтөгс сэтгүүлч багшийнхаа талаар дурсахдаа “Өнөөдөр маш гоё өдөр байна. Хамгийн гоё хувцсаа өмсөөд ирлээ. Би энэ хүмүүний насаараа цэрэг нь байсан. Нийтлэл туурвих А үсгийг заалгасан гэхэд буруудахгүй. Уран бүтээлийг нь нэгтгэх ажил жил тойрч, нэлээдгүй цаг хугацаа авсан. Отгоо эрхлэгчийн маань гэргий Т.Сайханцэцэг эгч маань санаачилгыг гаргаж, бид хамтдаа том ажлын ард гарлаа. Сонины сэтгүүлзүй нэг талаар сайхан ч нөгөө талаар хэцүү байдаг аж. Дата цуглуулах ажил амаргүй байсан ч маш их чармайсны үр дүнд бүх бүтээлээс нь шилээвэр гэснийг нь түүвэрлэж, гурамсан бүтээл гаргалаа. Сэтгэл гаргаж маш олон хүн тусалсанд баярлалаа.Энэ номыг за дараа уншина аа гэж хойш тавихгүйгээр нэг амьсгаагаар уншаад дуусгах болов уу. Шилээвэр бүтээлийг бид та бүхэнд хүргэж буй учраас хэзээ ч үнэ цэнээ алдахгүй. Сэтгүүлчид, сэтгүүлзүйд бэлтгэгдэж яваа олон дүү нарт гарын авлага болох бүтээл болгохыг хичээлээ” гэв.

No description available.

Алтайн уулсынхаа дунд аниргүйхэн нойрсох эрхэм андыгаа, найзыгаа, хүүгээ, дүүгээ санагалзсан олон хүн энэ өдөр түүний бүтээлийг хүндэтгэхээр ирсэн бөгөөд “Эр хүн шиг эр хүн”, сайн найз, нөхөр, хань, аав байсныг нь дурсан ярьцгаав. Редакцийн ширээнийхээ ард 13 тоглож суухдаа л сэтгүүлчдийнх нь амьдралд юу тохиолдож, ямар асуудал үүссэнийг мэдчихдэг, түүнийг дараа нь чимээгүйхэн шийдэхийг чухалчилдаг тийм эрхэм удирдагч байсныг “itoim.mn гэх халуун бүлийнх нь сэтгүүлчид энэ өдөр эргэн дурслаа. Алтай нутгийнхаа төлөө амиа өгөхөөс ч буцахгүй хайрлаж, түүгээр шатаж, хамтдаа нутгийнхаа хөгжлийн төлөө явж байсныг эрхэм анд Ц.Батбаатар нь дурсав. Ах шиг ах, найз шиг найз, амьдрал хийгээд сэтгүүлзүйд хамгийн том түшиг байсныг нь сэтгүүлч, дүү Г.Улсболд нь тайзнаас эргэн дурсав. Энэ өдөр түүнийг хүндэтгэхээр ирсэн, сэтгүүлзүй хийгээд амьдралын урт замд нөхөрлөж явсан олон нөхдийнх нь зарим төлөөллийн сэтгэгдлийг уншигч танд хүргэе.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

-Бүтээсэн туурвисан бүхнийг нь богино хугацаанд эмхэлж, олны хүртээл болгосон гэргий Т.Сайханцэцэг болон уран бүтээлийн анд нөхдөд нь баярлалаа. Г.Отгонбаяр ахын насан туршийнх нь багш Д.Ганболд эрхлэгч сая номын нээлтийг хийхдээ “Үндэсний шуудан” школыг өдөр тутмын сонинд бий болгосон гэж хэллээ. Тэд хамтдаа энэ сониныг нээж байх цагаас би нягт хамтран ажиллаж ирсэн. Нэг талдаа ажил хэргийн шугамаар, нөгөө талдаа нутгийн ахтайгаа хамтран ажиллаж байлаа. Хэвлэл мэдээллийн салбар тэр дундаа өдөр тутмын сонины хариуцлагатай үүрэгт ажилд том хувь нэмрээ оруулсан хүн бол миний ах юм. “Халзан” Отгоогүйгээр сэтгүүлзүй тэр дундаа “Үндэсний шуудан” сониныг төсөөлөх аргагүй. Цаг үе, нийгмийн хөгжил дэвшилтэй уялдуулж мэдээллийн том сайтыг үүсгэн байгуулж, өдөр тутмын сонины школыг цахим сэтгүүлзүйд оруулж ирснээр нь би бахархдаг. Гурван боть номыг нь сөхөж үзэхэд улс төр, нийгэм эдийн засгийн 20 гаруй жилийн түүхийг уншлаа. Ялангуяа манай намын алдаа, оноо, амжилт, уналт гээд бүх түүхийг би бараг энэ гурван ботиос уншчих шиг боллоо. 10, 20 жилийнхээ түүхийг эндээс үзэж болох нь ээ. Ахтайгаа илүү ойр дотно ажиллаж байсан хүмүүсийн нэг нь би. Хүнд хэцүү цагт нь хамтдаа байж чадсан. Гэлээ ч ах минь арай эрт энэ хорвоогоос явчихлаа. Гэлээ ч бүтээл нь түүнийг үүрд бидний дэргэд үлдээжээ. Бүтээлийг нь өргөн олуулаа тэмдэглэж байгаад баяртай байна. Миний ах түс тас, шулуун шударга харьцаж чаддаг жинхэнэ эр хүн байлаа.

Г.Отгонбаяр агсаны дүү Б.Оргил:

-Шинэ залуу сэтггүүлчдийг бэлтгэх, энэ салбарт ажиллаж буй сэтгүүлчдийг чадавхжуулах үүднээс бид ахынхаа дурсгалд зориулан “Нийтлэлч Отгонбаяр сан”-г үүсгэн байгууллаа. Энэхүү сангаар дамжуулан оюутнуудад тэтгэлэг олгоно. Мөн сэтгүүлчдийн дунд уралдаан зарлах зэргээр нийгмээ соён гэгээрүүлэх чиглэлд ажил хийнэ ээ. бшү

УИХ-ын Тамгын газрын зөвлөх, сэтгүүлч С.Батбаатар:

-Энэ хүн юугаараа том байсан юм бэ гэвэл аналитик сэтгүүлч байсан юм. Өөрөөр хэлбэл, үйл явдлын задлан шинжилгээг тэр тултал хийдэг байлаа. Сэтгүүлзүйд мэргэжлийн түвшинд нутагшуулсан.

Нийтлэлч Э.Энэрэл:

Сэтгүүлч хүн үзэл бодолдоо үнэнч, аль нэг талд үйлчилдэггүй, дагаж гүйхгүй байх хамгийн чухал. Энэ эрхэм чанарыг авч үлдэнэ гэдэг өнөө цагт хэцүү. Отгоо маань хийж буй үйлдлээрээ, улс төрийн даацтай нийтлэлээрээ энэ болгоныг хэлж байсан. Салбарт маань дутагдаж байсан бүхнийг номоороо хэлж байх шиг санагдлаа.

 

No description available.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.