| | USD/MNT 0₮
Айл болгон галын бурхнаа тахиж шүтдэг уламжлалтай. Айлд гал өгдөггүй, айлаас гал гуйдаггүй. Монгол айлын тулганы галд Галын бурхан гурван настай балчир эрэгтэй хүүхдийн дүрээр залран сууж байдаг гэнэ. Монголчууд галдаа шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс, болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагдах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Мах шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо мялааж галдаа өргөнө. Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлгэдэж галд өргөдөг бөгөөд болж яваг гэж богино хавиргаа, бүтэж яваг гэж бүдэрхийгээ, баяжиг гэж булуугаа өргөе хэмээн ерөөн хэлдэг.
Галын бурхан баясахад, галын тэнгэр, үүдэн тэнгэр, ханийн тэнгэр, үрийн тэнгэр, эдийн тэнгэрүүд баясдаг. Галын тэнгэр баясахад тухайн айл гэрийн гишүүдийн нүдний гал, сэтгэлийн гал, итгэлийн гал, хайрын гал, хийморийн гал бүхэн сэргэж гэрэлтдэг. Үүдэн тэнгэр баясахад олзын үүд, жаргалын үүд, баялгийн үүд, бэрийн үүд, хүргэний үүд бүхэн нээгддэг. Иймд гал голомтоо үргэлжид дээдлэн шүтэж ариун байлгах хэрэгтэй.