| | USD/MNT 0₮

Өсвөр үеийнхний бэлгийн боловсролд зөв мэдлэг, мэдээлэл маш чухал байна

-Ямар ч дотно харилцаа эрүүл, аюулгүй, хариуцлагатай байх ёстой-

Хүний бие махбодод өвөрмөц, өөрчлөлтүүд явагдаж хүүхдээс “том хүн” болох шилжилтийн үеийг бэлгийн бойжилт гэж тайлбарладаг. Бэлгийн бойжилт хүн бүхний амьдралд тохиох эрүүл, бас хэвийн үзэгдэл. Бие махбодь төдийгүй сэтгэл санааны өөрчлөлтөөс үүдэн ичих, бусдаас санаа зовних, мөн баярлах, гутрах, сандрах зэрэг сэтгэлийн маш олон мэдрэмж, хүн бүрт харилцан адилгүй мэдрэгддэг. Хэрвээ бэлгийн бойжилтын талаар зохих мэдлэг болж, мэдээлэл авч байсан бол энэ үеэ хэн ч стрессгүй даван туулна. Хүүхдүүдийн хувьд бэлгийн бойжилтийн талаар хамгийн их итгэдэг, хайрладаг хүмүүс болох ээж аавтайгаа, найзтайгаа, багштайгаа илэн далангүй, чөлөөтэй ярилцаж чадах юм бол ирээдүйн амьдралдаа илүү итгэлтэй, хариуцлагатай, болзошгүй эрсдлүүдээс сэргийлж чаддаг хүн болон төлөвшинө.

Өсвөр үеийг 13-19 нас гэж тодорхойлдог. Энэ нь дааврын өөрчлөлт өсвөр насныхны сэтгэл зүйг тогтворгүй болгодог, эцэг эхчүүд хүүхдүүдтэй харилцахад улам хэцүү болдог нас. Тэд том болж байгаагаа илүү ихээр анзаардаг бөгөөд ганцаараа байхыг эрмэлзэж, бусдад уруу татагдах эрсдэлтэй болж эхэлдэг. Томоогүй зангаар тамхи татах, буруу зүйлд уруу татагдах, согтууруулах ундаа уух, найзуудтайгаа болон бусадтай нийлж эрсдэлтэй алхам хийх нь энэ насныхны хувьд хамгийн онцгой үе нь гэж хэлж болно.

Энэ үед юунд илүү анхаарах вэ?

Мэдээж энэ маш чухал бөгөөд маш хэцүү үе гэдэгтэй хүн бүр л санал нийлэх биз. Тэд илүү хаалттай, дотогшоо болсон нь харилцааг хүндрүүлдэг. Гэхдээ л та энэ үед маш сайн найз, зөвлөх байх шаардлагатай юм. Хэрвээ хүүхэдтэйгээ бэлгийн амьдрал, бэлгийн бойжилтын талаар хангалттай сайн ярилцдаг байсан бол энэ үеийг та хоёр ажрах юмгүй давчихна. Гэвч эцэг эхчүүд ихэнх нь ингэж ярилцдаггүй “хаалттай” гэхээсээ илүү ичимхий бүлгийнхэн байдаг. Гэхдээ л энэ насанд нь хүү, охинтойгоо БЗДХӨ болон хүсээгүй жирэмслэлт болон түүний хор уршиг, жирэмснээс хамгаалах арга хэрэгслийн талаар ярилцах ёстой.

Одоо эсвэл хэзээ ч гэсэн үгийг энэ насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд сануулах нь зөв болов уу. Өдийг хүртэл түүнтэй хамт байж, өсгөж хүмүүжүүлж байсан учир эцэг эхчүүд хүүхдийнхээ онцлогийг бодолцож, тохиромжтой цагийг олж зөв мэдээлэл өгөх юм бол хүүхэд тань танд үлдсэн насан туршдаа талархана.

Энэ насыг хүртэл шат дараатайгаар, эцэг эхээс нь гадна хамгийн үнэнч, сайн найз нь байж бэлгийн боловсролын талаар зөв мэдээллийг өгч чадвал таны хүүхэд ирээдүйн гайхалтай сайн эцэг эхийг, аз жаргалтай, эрүүл гэр бүлийг цогцлоож чадна. Ямар ч дотно харилцаа эрүүл, аюулгүй байх ёстой. Хэрэв найз залуу, найз охинтой болсон бол үнэнч байх, өөрийгөө хайрлах дархлаатай байх ёстой гэдгийг маш сайн ойлгуулах хэрэгтэй.

Жилд өсвөр насны 3000-4000 охин үр хөндүүлж байна

Өсвөр насныхны дунд нэг хар бараан өнгөтэй аюул бий. Тэр нь хүсээгүй жирэмслэлт буюу ураг тээх үзэгдэл. Судалгаанд хамрагдсан охидуудын олонхи нь бэлгэвч хэрэглээгүй, хэрэглэж мэдэхгүй, бэлгэвч авахаас ичдэг гэх хариулт өгчээ. Сүүлийн үед үр хөндөлт тоглоом биш гэдгийг охид, эмэгтэйчүүд ойлгож, үр хөндөлтийн тоо жилээс жилд буурсаар байгаа хэдий ч дөнгөж нөхөн үржихүйн насандаа явж буй өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өссөн статистик байна.  Эрүүл мэндийн  яам, үндэсний төвүүд болон НҮБ-ын Хүүхдийн сангийн 2023 оны “Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаа”-гаар өсвөр насны таван сурагч тутмын нэг нь бэлгийн харьцаанд орсон гэсэн асуумж өгсөн байна. Тэд үүнийгээ бусад найз нь “үзсэн” учраас гэж хариулжээ. Бэлгийн харилцаанд орсон 4 сурагч тутмын нэг нь 14-өөс дооших насандаа анх удаа хавьталд оржээ. Ингэхдээ хамгаалалт хэрэглээгүй, хамгаалалт буюу бэлгэвч хаанаас авахаа мэдэхгүй. Эмийн санд зарагддаг хэдий ч авахаас ичдэг. Бас хүүхдэд өгөхгүй худалдахгүй болов уу гэж айдаг гэж хариулжээ. Өсвөр насандаа өөрийгөө хамгаалах чадваргүй байна. Элдэв өвчнөөс урьдчилан сэргийлж мэдэхгүй, бэлгийн боловсрол хангалтгүй байдаг тул эрсдэлд орох магадлал өндөр.
Улсын хэмжээнд 2022 онд 13,068 үр хөндөлт бүртгэгджээ. 10-14 насны 26 хүүхэд жирэмсэлсэн бол 15-19 насны 2230 гаруй охин ураг тээжээ. Үр хөндөлт хийлгэсэн тоон мэдээг харвал, 2022 онд 10-14 насны 41, 15-19 насны охидын 587 нь үр хөндүүлсэн байна. Харин 10-14 насандаа ээж болсон охидын тоо 2022 онд 21, 15-19 насны хувьд 2370-д хүрсэн байна. Дээрх 587 гэдэг тоо бол зөвхөн бүртгэгдэж байгаа л тохиолдол юм. Харин “Гүнж” төвийн хийсэн судалгаагаар жилдээ 7000-8000 өсвөр насны охин жирэмсэн болдог бөгөөд 50 хувь нь үр хөндөлт хийлгэж, 50 хувь нь хүүхдээ төрүүлдэг. Ингэснээр жилд 15-19 насны 3500-4000 охин үр хөндөлт хийлгэж байна. Тэгэхээр үр хөндөлтийг хүний эрх гэж харж болохгүй. Насанд хүрээгүй хүүхдүүд ямар ч тохиолдлоор жирэмсэн болсон байж болно. Магадгүй хүсээгүй байхад ойрын хүндээ хүчиндүүлсэн ч юмуу хэн ч хөндлөнгөөс хараад дүгнэж болохгүй юм. 

72 цагийн эмийг хоол шиг идэж болохгүй

Сүүлийн үед охид хүүхнүүд жирэмснээс хамгаалах эмийг хоол шиг идэж байна гэх. Нэг нэгнээсээ сонсоод дам яриагаар дамжиж энэ эмийг Эмийн сангаас авч хэрэглэдэг, заримдаа бүр зараар худалдаж авч өөрийгөө эрсдэлд оруулах тохиолдол байдаг гэнэ. Эргээд гарах эрсдлийг хэн ч мэдэхгүй байна.  Угтаа бол жирэмснээс хамгаалах “72 цагийн эм”-ийг гэхэд л жилд ганцхан удаа хэрэглэх заалттай байдаг. Шаардлагатай тохиолдолд буюу хүчирхийлэлд өртсөн, эрүүл мэндийн шалтгаантай бол тус эмийг жилд хоёр удаа уухыг зөвшөөрдөг байна. Гэтэл өсвөр насныхан үүний талаар тэр бүр мэдэхгүй, сар бүр хэрэглээд эрүүл мэндээрээ хохирсон, үргүйдэлтэй болсон тохиолдол ч цөөнгүй аж. Ирээдүйгээ хайрлъя. Эрүүл харилцаатай байж, ирээдүйд ээж аав болцгооё.

Мэдлэг бас дахин мэдлэг

Охид хөвгүүдийг эрүүл мэндийн боловсролтой болгох эхний алхам, эрүүл мэндийн хичээл юм. Багаас нь бүр сууриас нь буюу цэцэрлэгийн наснаас нь эхэлж эрүүл мэнд буюу хүний биеийн анатомиг үзүүлэх ёстой. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс юугаараа ялгаатай юм, юуг анхаарах юм бэ гэдгийг багаас нь зааж өгч, мэдэж, мэдрүүлэх. Гэвч манай улсад энэ талын мэдлэг мэдээлэл хомс. Бүр эрүүл мэндийн хичээлийг нь сургалтын программаас хасчихсан. Хэл ам хийж хичээлийг нь оруулахаар багшийн хүрэлцээ байхгүйгээс биеийн тамирын багш нь эрүүл мэндийн хичээл зааж байгаа нь эмгэнэл шүү.  Үнэндээ өсвөр насныхны, тэр дундаа охидын нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал тулгамдаж байгаа. Тодруулбал, энэ чиглэлийн мэдлэг, боловсрол хангалтгүйгээс шалтгаалан охид эрт жирэмслэх, үүний улмаас үр хөндүүлэх, бэлгийн замын халдварт өвчинд өртөх, сэтгэл санааны шархтай үлдэх гэх мэт эрсдлүүд бий. Эрт бэлгийн харилцаанд орсон, эрт жирэмсэлсэн болон БЗХӨ-нд өртсөн хүүхдүүд энэ талаарх эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг ихэвчлэн найз нөхдөөсөө, интернэт дэх цахим хуудаснуудаас “авдаг” гэсэн. Наад захын хамгаалалтгүйгээр бэлгийн харилцаанд орвол бэлгийн замаар дамжих олон халдварт өвчин авна, тээнэ, дамжуулна, халдварлуулна гэдгийг охид хөвгүүд мэддэг байх ёстой. 

Мэдлэг мэдээлэл байхгүйгээс соён гэгээрүүлэх сэхээрүүлэх ажил хийгдэггүйгээс болж өсвөр насныхан эрсдэлд өртөөд байна. Үнэхээр “аюул”-аас өөрийгөө хамгаалж чаддаг бол асуудлыг ямар ч эрсдэлгүйгээр даван туулж чадна. Сэтгэхүйгээрээ аливаа асуудын зөв бурууг ялгадаг байх. Өөрийгөө хамгаалдаг байх, эрүүл харилцааг эрхэмлэдэг байх. Цахим орчноос мэдээлэл авч болно гэхдээ шүүлтүүртэй байх ёстой. Харин мэргэжлийн хүнээс мэдээлэл сонсож, мэдлэг авах нь илүү давуу чанартай юм. 

Үерхэл нөхөрлөлдөө үнэнч байгаарай

Өсвөр насныхан буюу ер нь бага ангиасаа эхэлж нэг нэгнээ шохоорхож, нэг нэгэндээ татагдаж энэ нь явсаар үерхэл болдог. Анги ахих тусам хөвгүүд охидуудын үерхэл гүнзгийрч, нэгнээ улам хайрлах, харамлах сэтгэл төрүүлж эхэлдэг. Нэгэндээ амлалт өгч хайрласан бол үерхэлдээ үнэнч байх хэрэгтэй. Нэг тийм дутагдалтай зүйлс ажиглагддаг. Хоёр эрэгтэй нэг охинтой зэрэг үерхэж чатлах, уулзах улмаар дотно харилцаанд орох. Нэг охин олон хөвгүүдтэй харилцаж, уулзаж учрах тохиолдол бий. Энэ нь эргээд замбараагүй байдал үүсгэнэ. Олон хавьтагчтай болно. Эрүүл мэндийн боловсрол дутуу дулимагаас болж эрсдэлд орно гэдгийг охид хөвгүүд ойлгодог бол гоё. Хэрвээ нэгнээ хайрласан нэгэндээ итгэсэн бол зарчимтай байх ёстой. Үерхэлдээ үнэнч байгаарай, хайрлаж байгаагаа мэдрүүлэхийн тулд хамт байгаарай, бусдаас нэгнийгээ илүү хүндэтгэж итгэж байгаарай. Харин итгэл алдаж болохгүй шүү. Нэг нэгнээ хайрласан ч хариуцлага нэх, итгэсэн ч эрсдлийг тооц, уучилсан ч нөхцлөө тохир, тэвчсэн ч тэвчээрийн хязгаараа зааж өг. Эрүүл харилцаа гэж энийг л хэлнэ.

Эцэг эхчүүдийн алдаа хүүхэдтэйгээ бэлгийн боловсролын талаар ярилцдаггүй

Биднийг хүүхэд байхад буюу 1990-ээд онд бүх зүйл хаалттай үе байлаа. Эцэг эх рүүгээ ч эгцэлж харж чаддаггүй үе байсан гэвэл нэг их хилсдэхгүй болов уу. Хүүхэд байхад хүүхэд хаанаас ч төрдгийг мэдэхгүй хүйснээс гардаг гэсэн ойлголттой байсан нь үнэн. Бэлгийн боловсролын талаар бүр ярилцах битгий хэл мэдэх ч үгүй. Том хүний үнсэлцдэг кино гарахад нүдээ аньж, нүүрээ дардаг байсан. Том хүмүүсийн талаар аав ээжээсээ асуухаар “Том хүний ярианд орлоо. Чамд хамаагүй, зах замбараатай даруулгатай байгаарай” гэсэн үгээр л амаа таглуулдаг байлаа. Магадгүй эцэг эх нь нээлттэй чөлөөтэй ярилцдаггүй болохоор эргэн тойрноосоо авах мэдээлэл хангалттай байсангүй. 

Одоо цаг үе, орчин өөр болсон. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ нээлттэй харилцдаг байх ёстой. Бүх зүйл нээлттэй, сошиал орчноос хүүхдүүд мэдэхгүй зүйлээ олоод харчихдаг, уншчихдаг болжээ. Энэ нь сайн тал ч бас нөгөө талдаа сөрөг талтай. Учир нь сошиал мэдээ шүүлтүүргүй байдаг. Дам ярианаас мэдээ мэдээлэл авч, тэрийгээ амьдрал дээр турших зүйл тулгардаг. Тэгэхээр хүүхэддээ зөв мэдээлэл мэдлэг өгөхийн тулд эцэг эхчүүд чухал үүргийг гүйцэтгэдэг байвал. Эцэст нь хэлэхэд хүүхэддээ цаг гаргаж, хүүхдийнхээ төлөө уншиж судлаж, сэргээн санаж, тэвчээртэй ухаалаг байх ёстой юм шүү. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.