| | USD/MNT 0₮

Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Би сайн дуучин болъё гэж бодсон болохоос биш, алдар нэртэй, эд хөрөнгөтэй болно гэж огт бодож байгаагүй

МYСAREER булангийнхаа энэ удаагийн дугаарт МУСТА Г.Эрдэнэтунгалагийг урьж оролцууллаа. Тэрбээр 21 аймгаар аялан тоглолтоо хийж ирээд хаалтын тоглолтоо Монгол Бөхийн өргөөнд үнэ төлбөргүй хийсэн юм. Түүний хувьд нийтийн дуучдад нэлээд шүүмжлэлтэй ханддаг болоод удаж буй. Нийтийн урлагийг мэргэжлийн урлаг руу чиглүүлэх сонирхолтой байдаг тухай ярилаа. 

-Сайн байна уу? Таныг урлагад ихэд мэргэжлийн хандахыг хүсдэг гэсэн. Энэ тухай яриагаа эхэлье?

-Манайд мэргэжлийн урлагийн байгууллагууд, мэргэжлийн урлагийнхан маш их хаягдсан байна. Сая Монгол театр гэж байгуулагдлаа. Ер нь хараад байхад хүмүүс мэргэжлийн урлагаар их цангажээ. Г.Эрдэнэтунгалаг нийтийн дуучдыг шахаж гаргах цаг болсон гэдгийг цаанаасаа нийгэм мэдрүүлээд байна. Мэдэрч байгаа учраас мэргэжлийн уран бүтээлчдийг үнэлж байна, билет нь 180 мянгаас дээшээ байсан ч маш сайн зарагдаж байна. Жинхэнэ гоо зүй, урлагийн таашаал авахын тулд үзэж байгаа юм. Мэргэжлийн урлагийн хүмүүсийн орон зай бага багаар тэлж байгаа. Нөгөө талаар улс бодлогоор дэмжих ёстой. Тусгай яамтай болчихсон юм чинь мэргэжлийн урлагийнхныг дэмжих цаг болсон. Хатуу хэлэхэд Г.Эрдэнэтунгалаг шиг хүмүүсийг шахаж гаргах хэрэгтэй. Би бол харамсахгүй, харин ч шүүсээ шахуулах ёстой. Нийтийн дуучид гараад таван төгрөг олдог, үүндээ бүр ханачихжээ. Би яагаад мэргэжлийн уран бүтээл хийхгүй байна гэж өөрөөсөө асуумаар. Гараад л Бөхийн өргөө, Улаанбаатар паласыг дүүртэл тоглолт хийчихэж байна. Бид бүр ханачихсан, тархи толгойгоо дүүргэхгүй. Нийгмийн асуудалд санаа зовохгүй. Би болоод байна гэсэн хувиа хичээсэн байдлаар яваад байна.

 "Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хошин шогийнхон, нийтийн дуучид хүмүүжээгүй учраас яаж бидэнд чирэгдэх юм бэ"

-Та сая шахаж гаргах цаг болсон гэлээ. Та бол ард түмэндээ хайрлагдсан дуучин. Харамсахгүй юу?

- Үгүй харамсахгүй. Харин ч шүүсийг нь шахах цаг болсон. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хошин шогийнхон, нийтийн дуучид хүмүүжээгүй учраас яаж бидэнд чирэгдэх юм бэ. Тийм учраас мэргэжлийн урлагийн сургуулиуд нь үндсэн хичээлүүдээ сургалтын хөтөлбөрт бодлогоор оруулж өгмөөр байна. Энэ бол миний бодол шүү. Одоо цагт нийгэмд дэлхий дахинд юу хүсэж байна тэр бүгдийг нь оруулж өгөх шаардлагатай байгаа юм. Тэнд боловсорч байгаа хүмүүс төгсөж гарч ирээд нийгмээ чирэх ёстой. Бид нар энэ цаг үеэрээ дуусч болно. Харин ирж байгаа ирээдүйгээ ийм байдлаар авч явж хүмүүжүүлж, угтах ёсгүй байхгүй юу. Намайг адлана биздээ, айгаад байх юм алга. Бидний амьдрал алга дээр харагдаж байна, тулгамдаж байгаа өчнөөн асуудал байна. 

--Таны ээж, аав урлагын хүмүүс шүү дээ. Охин тань бас урлагын удмыг тань өвлөж буй гэсэн. Энэ тухай ярьж өгнө үү?

Манай охин Хөгжим бүжгийн коллежийн 12 дугаар ангийг төгсөнө. Сая шинэ зууны хөгжимчид гээд оюутнуудын дунд зохиогдсон уралдаанд өөрөө төгөлдөр хуурт зориулсан аяз зохиогоод тэрийгээ өөрөө тоглоод тусгай байр эзэлсэн амжилттай. Энэ мэдээллийг нь аялан тоглолтоор явж байхдаа ээжээсээ авсан. Маш их баярласан. Эх хүний үр хүүхдээрээ бахархах мэдрэмжийг сая охиноосоо авсан. Яг ийм гоё мэдрэмж догдоллыг би ч бас ээждээ төрүүлдэг юм байна. Хүссэн ч эс хүссэн ч тогоонд нь амьдардаг болохоор нэгдүгээрт энэ удмын нөгөө талаар манай гэр бүлд онцлог их бий. Урлагийн гавьяат зүтгэлтэн миний ээжий Д.Цэцэрлэг гэж хүн бий. Монголын хөгжмийн үндэс угийг тавьдаг хүн буюу хөгжмийн онол сонсголын хичээл заадаг. Өнөө цагийн Монголын хөгжмийн урлагийн хамгийн том лидерүүдийг төрүүлсэн хүний зээ охин болж төрсөн миний охины хувь заяаны хишиг том гэж бодож байна. Нөгөө талаар нагац эгч нь буюу миний хамгийн бага дүү Сонгодог урлагийн тэнхимийн багш Оюун-Эрдэнэ гэж байдаг. Хэдий нагац эгч нь ч гэлээ маш том шаардлага өндөртөй хатуу багш нь. Ийм хоёр хүний удирдлага дор байгаа миний охин үнэхээр төгс уран бүтээлч болно доо. 

Миний охин хоёр, гуравдугаар ангидаа олон улсын уралдаан тэмцээнд оролцдог байсан. Тэр болгонд багш нар болон эцэг эхчүүд гадагшаа явах зардал мөнгийг даадаг. Нэг удаа Итали руу явахад нь 20 гаруй сая төгрөгийг олохын тулд унаж явсан машинаа зараад охиныхоо зардал мөнгийг шийдээд өгч явуулж байсан. Гудамжинд бахархал дүүрэн алхаж явснаа санахаар өөрөөрөө бахархсан. Ээж хүний хувьд охиноо харанхуй бүдүүлэг битгий өсөөсөй, багаас нь олон хүний газар явуулж нүд тайлах, дэлхийн хэмжээнд өөрийгөө мэдрэх ёстой. Дахиад ч би илүү ихийг охиндоо зориулах болно. 

-Та ер нь нийтдээ хэдэн тоглолт хийсэн бол? Энэ удаагийн тоглолт тань зорилтод бүлгэд үнэгүй гэсэн нь олны талархлыг хүлээж байна шүү дээ.

Миний хувьд өнгөрсөн гуравдугаар сард VIP тоглолт хийсэн. Нийтдээ 20 удаа тоглолт хийжээ. Мэдээж том хэмжээний тоглолтууд.

"Хүн ямарваа нэг юмыг хүсэж мөрөөдвөл чин хүсэлтэй байх ёстой. Тэр нь дандаа бусдад хэрэгтэй байх ёстой"

-Таны дууг хүмүүс их сүнслэг гэдэг. Тийм ч учир олон дуу тань хит болсон байх. Үүний ноу хау нь юу вэ? 

-Таны асуусан асуултыг яг үнэн гэдгийг сая 21 аймгаар тоглохдоо мэдэрлээ. Би дуу болгоныг дуулахдаа жүжигчнээр болон уран чадвар буюу дүрдээ орно гэсэн үг. Дуун дотроо амьдардаг. Жүжгээр бол 3 цаг амьдрах ёстой бол би 3 минут амьдрах ёстой. Жишээлбэл, Ханьсахын жаргал дуугаа дуулахдаа дандаа аав ээжийгээ бодож дуулдаг. Өөр дуунуудаа дуулахдаа заавал өөр ертөнцөд амьдарч байж зүрхэн дотроо бий болгож тархиараа удирдаж байж хоолойгоороо гаргадаг юм. Хайрын дуу дуулж байвал хэнд илүү хайртай байснаа бодно. 

Хүн ямарваа нэг юмыг хүсэж мөрөөдвөл чин хүсэлтэй байх ёстой. Тэр нь дандаа бусдад хэрэгтэй байх ёстой. Ямар нэгэн байдлаар би өөрөө цойлоод бусдыг уландаа гишгэж байвал энэ миний амьдралын зам биш юм. Харин ч би олсон бол жигд илүү тараах ёстой. Олсныгоо бусдад түгээдэг хүн байх ёстой. Тэр хэмжээгээр дахиад олж болно. Аливаа юмыг хүсэж мөрөөдвөл мөн чанарыг нь олох ёстой. Тэгж байж өөрийгөө бүтээнэ. Эргээд бодоход сайн дуучин болъё гэж бодсон болохоос биш, алдар нэртэй, эд хөрөнгөтэй болно гэж огт бодож байгаагүй. Өөрийнхөө бодсон бодол мөн чанартаа хүрчихсэн хүн гэж боддог.

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.