| | USD/MNT 0₮

АВ ДАР: Аваад дардаг, өвөг дээдсийн хувь хишгийн дүүрэн сав

АВ ДАР гэдэг нь аваад дардаг. Өвөг дээдсийн хувь хишгийн сав. Айл болгонд хуучны болон орчин үеийн хийцтэй цоохор эрээн авдар байдаг. Гэхдээ сүүлийн үед авдар ашиглахаа больсон гэх. Орчин үеийн шинэлэг тавилгыг шинэ гэр бүлүүд сонгодог болжээ. Өнгөрсөн жил Эрээнээр хоёр контайнер дүүрэн хуучны авдар урагшаа гарсан гэх мэдээлэл байна.
Авдар бол айл гэрт буян хишгийг хурайлан дуудаж, хуримтлуулан хадгалж байх сав билээ. Харамсалтай нь ихэнх айл ээж аав, эмээ өвөөгийнхөө эдэлж явсан авдрыг хуучирч муудсан хэмээн голж амбаар сав, тагтан дээрээ гарган хаяж хуучин хувцас, хэрэгтэй хэрэггүй эд зүйл агуулдаг сав болгожээ. Авдраа засуулах гэж байгаа нэлээдгүй хүмүүс өвөг дээдсээсээ өвлөн ирсэн буяныхаа савыг өвлийн идэш хийх хайрцаг төдийхнөөр ашиглаж байснаа өгүүлдэг. Гэтэл улаан махны шүүс дусаах байтугай уранхай хувцас хураахад цээртэй энэхүү эд тухайн айлын үнэтэй, цайтай бүхнийг үе дамжин хадгалж ирсэн юугаар сольшгүй нандин эрдэнэ билээ. Үе дамжин ирсэн эцэг эх, эмээ өвөөгийн авдарыг гэр орондоо залах нь буян хишиг дагуулдаг гэж үздэг эртний сайхан ёс байдаг аж. Өвөг дээдэс минь алтыг нь аваад авдрыг нь хаяв хэмээн гоомой зүйл хийсэн хүнийг зэмлэдэг. Үүгээрээ авдар нь алтнаасаа үнэтэй болохыг, аливаа юмны агуулга нь өнгөнөөсөө чухал гэдгийг сургаж буй хэрэг. Тиймээс өвөг дээдсээс өвлөж авсан буяныхаа савыг өнөөдрийн хэд гурван төгрөгөөр бусдад өгч олз омгийн үүдээ бүү хаагаарай. Дахин хэлэхэд айл гэрт эд хөрөнгө даллан дуудаж, буян хишиг хураан тогтоож байх учиртай энэхүү саваа энд тэнд хамаагүй хаяж элдэв хуучин зүйлээр бүү дүүргээрэй.
1. Нэг сайхан нэрмэлийн охь-Бүтэн жилдээ идээ ундаар тасрахгүй байхын бэлгэдэл. Охийг галдаа өргөнө.
2. 8 алд сурыг сайхан эвхээд хийнэ-Сураа тогтмол алдлан биеийн эрчмийг тэтгэнэ.
3. Таван өнгийн торго дурдан эсвэл хадгийг домнож хадгална-Ногоон газар, улаан- гал, цагаан сэтгэл, хар- сүлд, хөх- тэнгэрийг бэлгэднэ.
4. Даллаганы уут-Олз омгийг дуудаж тогтоох сав. Эд баялгаар элбэг дэлбэг байхын бэлгэдэл. Цагаан хурганы арьсаар гэрийн эзэгтэй хуриман дээрээ урлаж саваа бүтээнэ. Даллагын уутанд зөвхөн арвай буудай л хийнэ.
5. Хишгийн уут-хөх өнгийн хоргой торгоор бөх бат, том хэмжээтэй урлана. Үе дамжин хадгалагдна. Зөвхөн богийн шагайгаа л хийдэг.
6.Таван тансаг үнэртэн буюу /арц, ганга, даль, зандан, аги/ Галдаа өргөнө.
7.Есөн зүйлийн таван тарианы үр
8. Эцэг өвгөдөөс өвлөж ирсэн удам, ургийн бичиг
9. Нэхий, хурган дээлээ хадгалдаг уламжлалтай ажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.