| | USD/MNT 0₮
Үндэсний номын санд байрлах Нэн ховор номын музей тавдугаар сарыг дуустал иргэдэд үнэ төлбөргүй толилуулж байгаа. Өмнө нь Монгол Улсын Үндэсний номын санд музей байдгийг хүмүүс мэддэггүй байсан учир иргэд үйлчлүүлдэггүй байсан гэж Сан хөмрөгч Б.Отгонтуяа мэдээлсэн. Иймд Нэн ховор номын музейг зорилоо.
Хаалгыг нь татахад мод болон хуучин номын хуудасны үнэр ханхийнэ. Зуу гаруй жилийн настай барилга олон түүхт номыг хадгалдаг учир аргагүй. Тус барилгын хоёрдугаар давхарт нэн ховор хомын музей байрладаг. Биднийг ороход ханаар нь дүүрэн өнгө, өнгийн барлагт ороосон судрыг өрсөн харагдаж байв.
Тухайн музейд Юнескогийн дэлхийн дурсгалт хөтөлбөрт бүртгэгдсэн долоон өв хадгалагддаг байна. Тодруулбал, Лувсанданзаны Алтан товч, Мэргэд гарахын орон модон бар, Сандуйн жүд, Жадамба судар, Ганжуур-Данжуур, Ногоон дарь эх, Монголын нууц товчоо зэрэг судрууд багтдаг юм. Эдгээрээс онцлон гарын алганы хэмжээтэй “Сахиусан Дара Эх” судрыг уншигч та бүхэнд танилцуулъя.
Үндэсний номын сан Сан хөмрөгч Б.Отгонтуяа “Сурган хүмүүжүүлэх Шагж гэдэг хүний урласан сахиусан дарь эхийн бүтээлийг онцлон танилцуулмаар байна. Энэ бол цагаан дарь эхийн судар, ногоон дарь эхийн судар төвд гар бичмэл байгаа. Энэхүү хоёр судрыг богино барын судар буюу өврийн судраар тооцоолоход арав орчим хуудас болдог. Гэтэл арван хуудас болдог хоёр бүтэн судрыг бүрэн эхээр 4.9 харьцах 5.4 см-ийн хэмжээтэй цаас дээр шахан багтаан бичсэнээрээ Юнескогийн Ази номхон бүс нутгийн өвд бүргэгджээ. Энэхүү судрыг зуны нартай өдөр Монгол гэрийн өрхийг битүүлж татаад, өрхний тэнд жижигхэн нүх гаргаж байгаад, тусах нарны хурц гэрэл хялгасны үзүүрээр бичдэг байсан гэдэг. Шагж багш энэхүү өвийг бичихдээ ямар нэгэн томруулдаг шил, тоног төхөөрөмж ашиглаагүй гэдгээр онцлог. Дээрээс нь таталган бичгээр биш хичээнгүй бичгээр төвд хэлээр бичсэн гэдгээр онцлогтой. Одоо бол томруулдаг шилээр хүндрэлтэй юм” гэв.
ВИДЕО: https://fb.watch/rZwYOT7x-K/
Сэтгүүлч: А.Булганчимэг