| | USD/MNT 0₮

2024 оны эхний нэгдүгээр улиралд СХД-т 47 хүүхэд эрүүл мэнд, өмчлөх эрхийн эсрэг болон хүчиндэх гэмт хэргийн улмаас хохирчээ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас дүүргийн хэмжээнд хүүхэд хохирсон гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг жил бүр судалж, тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна. Энэ он гарснаас хойш тус дүүргийн “Хөгжил цогцолбор”, “Гурван тамир”, 42, 62, 107, 122 дугаар сургуулийн 10-18 насны сурагчдад яриа, таниулга хийж, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлтийн хор уршигийн талаар мэдээлэл өгчээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрах: Хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох тохиолдол тус дүүргийн хэмжээнд их гардаг. Тухайлбал, 2022 онд 245, 2023 онд 317, 2024 оны эхний нэгдүгээр улиралд 47 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсноос дийлэнх нь эрүүл мэндийн эсрэг болон өмчлөх эрхийн эсрэг, мөн хүчиндэх гэмт хэргийн улмаас хохирсон байгаа юм. Ялангуяа сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлтийн улмаас хөнгөн гэмтэл авах, гар утсаа дээрэмдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна. Дүүргийн прокурорын газраас хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч, энэ чиглэлээр яриа, таниулга хийх ажлыг жил бүр тогтмол зохион байгуулсаар ирсэн. Хүүхдүүд гэмт хэргийг юу гэж ойлгодог болох, гэмт хэрэгт хэр зэрэг өртөж байгааг ерөнхий боловсролын хэд хэдэн сургуулиудад хичээл заах үеэр судалж үзсэн.

 Тэгэхэд 10 хүүхэд тутмын 2 нь гэмт хэрэг гэж юу болох талаар маш сайн мэддэг, 4 нь ямар нэгэн байдлаар эрх, эрх чөлөө нь зөрчигддөг гэсэн бол 2 хүүхэд тутмын 1 нь эд зүйлээ алдаж байсан гэсэн дүн гарсан. Энэ нь бидний хүлээн авч шалгаж буй гэмт хэргийн тоотой харьцуулахад өндөр байгаа учраас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол, үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Мөн эрх нь зөрчигдвөл хаана хандах вэ? гэсэн асуултад 47.9 хувь нь аав ээждээ, 35.6 хувь нь найздаа, 14.6 хувь нь багш, нийгмийн ажилтанд, 2.1 хувь нь л цагдаагийн байгууллагад хандана гэж хариулсан байна.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.