| | USD/MNT 0₮

Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол байгуулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 22 үүрэг даалгавар өгсөн бөгөөд үүний таван үүрэг даалгавар 100 хувийн гүйцэтгэлтэй бол 11 үүрэг даалгавар хэрэгжих шатандаа буюу 50-89 хувийн гүйцэтгэлтэй байна.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Баянзүрх, Чингэлтэй, Баянгол болон Сонгинохайрхан дүүрэгт тусгай зориулалт, том оврын автомашинууд нийтийн эзэмшлийн зам, талбайд явган хүний зам давуулан зогсож, иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Тиймээс энэ чиглэлийн бизнес эрхлэгчид зориулалтын талбай гаргаж өгөх шаардлагатай. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу орц, гарцыг нээх, төвийн зургаан дүүрэгт зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийх ажлыг эхлүүлнэ” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Үндэсний их баяр наадам болон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээний бэлтгэлийг хангах,
  • Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын газар чөлөөлөлтийн ажлуудыг бүх шатанд эрчимжүүлж ажиллах,
  • Нийслэлд авто зам болон инженерийн шугам сүлжээний засварын ажлууд эхэлсэнтэй холбогдуулан тухайн орчны зам талбайн хөдөлмөр аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалт, аюулгүй байдлыг хангуулж, хяналт тавих,
  • Гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг шуурхай зохион байгуулах,
  • “Улаанбаатар Марафон 2024” олон улсын гүйлтэд байгууллага хамт олноо идэвхтэй оролцуулж, олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлуудыг зохион байгуулах,
  • Далд болон ил зогсоол хийх ажлыг эхлүүлэх зэрэг үүргийг өгсөн юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.