| | USD/MNT 0₮

Сэтгүүлч А.Баярмааг хуулийн байгууллага ням гарагт баривчилжээ

Tac.mn сайтын сэтгүүлч А.Баярмааг өнгөрсөн амралтын өдөр /2024.05.05/ саатуулсан. Сэтгүүлч А.Баярмаа нь 2024.01.30-ны өдөр хилээр гарч, 2024.04.29-ний өдөр эх орондоо ирсэн.

Тэрбээр өмгөөлөгч асан Д.Батбаярын хэрэгт холбогдон шалгагдаж байсан бөгөөд оргон зайлсан гэгдэж байв. Түүнийг эх орондоо ирснээс хойш зургаа хоногийн дараа саатуулжээ.

Сэтгүүлч А.Баярмааг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заасанчлан яллагдагчаар татагдсан тохиолдолд хилээр гарах зэргээр байршлаа сэлгэхгүй байх талаарх хуулийн хязгаарлалтыг зөрчсөн. Тиймээс прокурорын саналаар шүүхийн зөвшөөрөлгүй Монгол Улсын хилээр орж ирмэгц нь сэжигтнээр баривчлах шүүгчийн захирамж гарсан гэгдэж байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн 13.14 буюу илтэд худал мэдээлэл тараах тэргүүтэй хэд хэдэн зүйл ангиар яллагдагчаар татсан мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Эдгээрээс хамгийн их анхаарал татаж буй сэжим нь өмгөөлөгч агсан Д.Батбаярын учир битүүлэг үхлийн дараа түүнтэй нэг хэрэгт татагдан шалгагдаж байсан сэтгүүлчийг саатуулсан талаар юм.

Тэрбээр иргэн Н.Цэрэнд өгсөн ярилцлагадаа, "Нууцын баталгаанд гарын үсэг зурсан тул мөрдөн шалгагдсан хэргийнхээ талаар дэлгэрэнгүй ярьж болохгүй. Өмгөөлөгч агсан Д.Батбаяртай уулзах үеэрээ бичих материалаа тэдний оффист хэвлэж, улмаар устгалгүй орхисонтой холбогдуулан, нэг хэрэгт хамтатган шалгагдсан. Бид 2014 оноос хойш танилцаж, хууль эрх зүйн зөвлөгөө авах зэргээр хамтарч ажиллаж эхэлсэн. Надад өмгөөлөгч олдохгүй байгаа. Эрх зүйн байдал маань улам дордсоор байна. Гэр бүл, амь нас маань эрсдэлд ороод байгаа. Би санаатайгаар оргон зайлсан бол эргэж эх орондоо ирэхгүй байсан" зэрэг агуулгаар ярьсан юм.

Сэтгүүлч А.Баярмааг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн дараа саатуулсан бөгөөд Монгол Улс сүүлийн жилүүдэд хэвлэлийн эрх чөлөөний индексээр уруудсаар, аюултай түвшний орноор нэрлэгдээд байна.

 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.