| | USD/MNT 0₮
Манай улсаас анх удаа тэргэнцэртэй сэлмэний спортоор Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн тамирчин, бүжигчин Д.Цолмонг бид энэ удаад онцолж уншигч та бүхэнтэй уулзуулахаар боллоо.
-Сая болсон тэмцээний үйл явцын талаар мэдээлнэ үү?
-Энэ оны дөрөвдүгээр сарын 20-оор долоон тамирчин нэг багштайгаа Вилтер фансинг Монголиагийн Анударь гээд ийм есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр тэмцээнд явсан. Багаараа маш сайн амжилт гаргаж чадсан.
-Ер нь анх яагаад энэ спортоор хичээллэх болсон бэ?
-Хоёр найз маань надад санал болгож байсан. Ийм спорт бий болсон байна. Оролцоод үзээч гэсэн юм. Чамд нэг авьяас байдаг даа гэж хэлсэн. Тэгээд хамгийн анхны авсан мэдрэмж нь гоё, тансаг байв. Цав цагаан хувцастай, баатарлаг санагдаж дотоод эрч хүч мэдрэгдэж сэлэмд дурлаж байсан даа. Хамгийн анхны тэмцээнд ялах тэр мэдрэмж маш гоё. Би чадах юм байна гэдэг урам, итгэл өгчхөж байгаа юм. Би бол уйлах үедээ уйлчихдаг. Амархан нулимстай гэх юм уу. Эсхүл яг гаднаасаа харахад их зөөллөх хэр нь хатуу, зарчимч зантай.
- Өөрийг тань азийн аваргаас медаль хүртэх мөчид уйлаад, багийн тамирчид нь баярлаж буй бичлэг цахим орчинд явж байсан. Тэр үеийг дахин дурсана уу?
-Одоо бодоход ч догдолж байна. Яг тэр тулааны үед хожигдож явж байгаад эргэн оноо нөхсөн юм. Хамгийн сүүлийн нэг минутад хоёр оноогоор хоцор байгаад эргүүлээд нөгөөхөө нөхөн, тасралтгүй таван оноо аваад хамгийн сүүлийн оноогоо 1 секунд 9 доль дээр авсан. Хамгийн сүүлийн оноо авлаа минут дууслаа манай багийнхан бүгд орилоод босож ирж байгаа тэр мэдрэмж нь дотор огшоосон. Уйлахгүй байхын аргагүй тийм гоё байсан.
ЭЭЖ МИНЬ “ЭЭЖТЭЙ ХҮН ҮХДЭГГҮЙ ЮМ” ГЭЖ ХЭЛЖ БАЙЛАА. ЭНЭ ҮГ СЭТГЭЛ ЗҮРХЭНД МИНЬ ОДООГ ХҮРТЭЛ УЯАТАЙ БАЙДАГ.
-Өөрийн тань бага насны талаар уншигчдад сонирхолтой байх болов уу?
-Би анх Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрж байсан. 1999 онд Улаанбаатар хотод шилжиж орж ирээд бага ангиа 42 дугаар сургуульд н.Энхтамир багшийн ангид сурдаг байлаа. Би бага ангидаа нуруу нугасны хавдраас болоод тэргэнцэр дээр сууж байсан. Тэр үед техник технологи нэлээн муу байсан үе. Хавирган доогуур өвдөхөөр элэг, бөөр, цөс гээд оношийг нь олохгүй удаан явсан. Эмч нар хүртэл наад охин чинь худлаа яриад байгаа юм биш үү гэдэг асуудал гарч байсан. Тэгэхэд ээж минь “ээжтэй хүн үхдэггүй юм” гэж хэлж байлаа. Энэ үг сэтгэл зүрхэнд минь одоог хүртэл уяатай байдаг. 2005 онд нуруун дээр нь хавдартай байна гэж эмч нар хэлсэн. Өглөө 08:30 хагалгаанд ороод 09:30 д гарна гэж хэлсэн ч гарах цагтаа эмч нар нэмэгдээд орсон гэсэн. Тэгээд нуруун дээр нь хавдар алга, нугас дотор юм шиг байна гээд Гуравдугаар эмнэлгийн .Хайруул, н.Болд, н.Тугбаяр бүх мундаг эмч нар надад хагалгаа хийсэн. Ямар ч байсан амжилттай хагалгаа хийлээ, гэхдээ цаашдаа алхах эсэхийг бид хэлж мэдэхгүй, яагаад гэвэл нугасанд нь хүрчихсэн учир гэж хэлж байв. Ямар ч гэсэн тэр үед хавдар аваад одоо инээгээд сууж байна. Бас өөрийн гэсэн хөөрхөн хүүтэй болчихсон.
“ЭМЭГТЭЙ ХҮН ЭХ ХҮН БОЛОХЫГ Л МӨРӨӨДДӨГ ШҮҮ ДЭЭ”
- Анх хүүхэдтэй болж чадахгүй бол яана гэж айдаг байсан уу?
-Тийм. Мэдээж эмэгтэй хүн эх хүн болохыг л мөрөөддөг шүү дээ. Тэгээд яг хэвлийд хүүхэд бүрэлдээд ирэх үед хүмүүсийнх чинь 4,5 сартайд гэдсэнд нь мэдэгдээд аан гээд хүүхэд минь хөдөлж байна гэж мэддэг. Гэтэл би бүрэлдсэн цагаас эхлэн эржигнээд, гижиг хүрээд байдаг. Сонин. Тэгээд ээжтэй ярилцаад өөрөөрөө төрөхөөр болсон. Эмчээс асуутал зөвшөөрсөн юм. Тэгээд төрөхийн өмнөх өрөөнд хэвтэж байсан аймар өвдөөд байна гэтэл болоогүй байна гээд байсан. Эмч айгаад цаагуур хийсвэрийн өрөө бэлдэж байсан билээ. Хоёр сувилагч нь андуураад орон дээр аваачаад тавьчихсан. Нэгэнт орон дээр тавьсан юм чинь үзлэг хийчихье гэтэл хүүгийн минь зулай цухуйчихсан байсан. Яана дүлэлт ирээд байхад мэдэхгүй л байх шиг байна гээд санаа зовсон гэсэн. Тэр үед ээж миний дэргэд байсан болохоор миний охин дүлээрэй гэж хэлсний дагуу төрж байв. Тэгээд хөөрхөн бүлээн хэвлий дээр тавихад жинхэнэ хайрыг үүнээс мэдэрсэн.
-Таны хүү хэдэн настай вэ?
-Одоо 10 настай. Эмээ нь байхгүй үед надад хоол хийж өгнө. Өргөнө, тусалж, халамжилдаг. Ер нь бол сургууль дээрээ цаасаар цэцэг хийгээд намайг баярлуулах, гэнэтийн бэлэг барих дуртай тийм уяхан хүү.
“ХҮНИЙ СЭТГЭХҮЙ ХЯЗГААРГҮЙ МӨРӨӨДӨЖ ЧАДДАГ”
-Өөрөө тэргэнцэртэй бүжиг бүжгэлдэг гэсэн шүү дээ?
-Тэргэнцэр дээр сууснаас хойш би хүнд өөрийгөө яаж ойлгуулах вэ. Тэргэнцэртэй хүн гэхээрээ гэрт сууж байдаг гэж хүмүүс боддог байсан. Одоо бол өөрчлөгдсөн. Тэр үед өөрийгөө бусдад яаж ойлгуулах тухай боддог байсан. Тэгээд нээрээ би тэргэнцэр дээр яагаад бүжиглэж болохгүй гэж бодсон. Хүний сэтгэхүй хязгааргүй мөрөөдөж чаддаг. Хязгааргүй мөрөөдөж байгаа зүйлээсээ хүн тэндээс нэг зорилго олж авдаг. Тэр зорилгын төлөө дуртай зүйлийн төлөө хүн маш хурдтайгаар хөгжих боломж нь гарч ирдэг. Тэгэхээр энэ хүн чадаж байхад би яагаад чадахгүй байгаа юм бэ гэдэг өөрийгөө голох мэдрэмж саад болоод байна. Зүгээр л хүн өөрийнхөө юу дуртай юу мөрөөдөж чадаж байна. Түүнийхээ төлөө тэмцэх, тэмцлийн төлөө үйл хөдлөл хийх нь хамгийн зөв байх. Тэрнээс хэн нэгний зааварчилсан заавраар хүн хол удаан явахгүй байх. Хүссэн зүйл биш бол урд нь очоод гацдаг л байхгүй юу. Өөрийнхөө замыг өөрийн мөрөөдлөөс олж аваасай л гэж хүсдэг дээ.
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
ВИДЕО:https://fb.watch/rSCRsHnm1_/
Сэтгүүлч: А.Булганчимэг