| | USD/MNT 0₮
“Аутизмыг таниулах дэлхийн өдөр 2024” арга хэмжээ UG arena буюу уран ган цогцолбор хотхонд тавдугаар сарын нэгний өдөр болж өндөрлөлөө. Энэхүү өдөрлөгт багш сургагч нарын илтгэл, загварын шоу, гар урлалын бүтээгдэхүүн танилцуулга зэрэг үйл ажиллагаанууд болов. Биднийг тус эвентэд очиход өнгө өнгийн хувцастай баярлаж буй хүүхдүүд угтав. Энэ үеэр аутизмын эмгэгтэй 10 настай Б.Баттулга хүү төгөлдөр хуур тоглож, дуу дуулж өөрийн авьяасаа үзэгч олонд толилууллаа. Хүү 70 дугаар сургуулийн 4В ангид сурдаг ба усан сэлэлтээр хичээллэж, төгөлдөр хуур тоглох зэрэг олон чадвартай аж. Том болоод эмч болохыг хүсдэг гэж хариулсан хэгжүүн хүү тайзан дээр “Жалам” хар аяыг төгөлдөр хуур дээр баяр хөөртэй тоглосон нь олны хайрыг ихэд татсан юм.
Хүүгийн ээж Э.Болормаа “аутизмтай хүүхдүүд бусад хүүдийг бодвол арай юмыг удаан, дэс дараатай сурдаг. 2012 онд анх хүүгээ төрж байхад бид ийм төрлийн эмгэгтэй болохыг анзаараагүй. Удалгүй мэдсэн. Гэр бүлийн зүгээс хүүгээ олон зүйл сурч, хөгжих, нийгэмшүүлэхийг хүсдэг. Одоо миний хүү сайжирч байгаа” гэсэн юм.
Мөн энэхүү хүлээн авалтад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хийсэн гар урлалын бүтээгдэхүүнийг онцлов. Өнгө өнгийн давсаар хийсэн цэцгүүд, даавуун эко тор, цүнх, модон хүүхэлдэй зэрэг бүтээгдэхүүн харагдаж байлаа.
Гар урлаач Т.Батхүү “Энэ бол Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны гишүүдийн хийсэн бүтээгдэхүүн байгаа. Эдгээрийг хүүхдүүд хийхдээ маш дуртай, сонирхон хийж сурдаг. Тухайлбал, органик саван байна. Үүнийг сүүлний тос, шар тосоор хийдэг ба дотроо кофены шаартай олон төрөл бий. Мөн урлалын цементээр хийсэн бүтээгдэхүүн байна. Хэвэндээ хийсэн цемент 20-30 минутын дараа хатаж дараа нь буддаг юм” гэв.
Удалгүй хүүхдүүдийн загварын шоу үзүүлбэр эхэлсэн юм. Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн зурсан зургаар МУБИС-ын Дүрслэх урлагийн тэнхимийн оюутнууд 60 гаруй хувцас урлажээ. Хувцаснууд өнгө өнгийн, өвөрмөц төсөөллөөр дүүрэн үлгэрийн орон мэт харагдаж байв.
Сэтгүүлч: А.Булганчимэг