| | USD/MNT 0₮
Сонгогчдын нэрийн жагсаалтын талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Н.Наранцэцэг Сонгуулийн ерөнхий хорооноос эрхлэн гаргадаг “Сонгуулийн боловсрол” сэтгүүлийн 2024 оны №2-т өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Сонгогчдын нэрийн жагсаалт www.election.burtgel.gov.mn цахим санд байршсан. Иргэний ямар мэдээллүүд байгаа вэ?
-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байршуулна” гэж заасан шүү дээ. Сонгогч улсын бүртгэлийн байгууллагын burtgel.gov.mn цахим хаягт нэвтэрч http://election.burtgel.gov.mn холбоосоор регистрийн дугаараа бичээд нэвтэрвэл эцэг /эх/ болон өөрийн нэр, хаяг болон сонгуулийн тойргийн дугаар, хэсэг, санал өгөх байрны хаягийн мэдээлэл байгаа.“Сонгогчдын нэрийн жагсаалтын маягт загвар”-ыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын даргын хамтарсан “Журам, загвар, маягт батлах тухай” 2024 оны А/11, А/22 дугаар тушаалын хавсралтаар баталсан.
-Өөрийнхөө мэдээллийг шалгахад хаяг дээр байгаа бусад хүний мэдээлэл гарах уу?
-Тиймээ, иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн өөрийнх нь мэдээллээс гадна тухайн хаягт байгаа нийт сонгогчдын мэдээлэлтэй танилцах боломжтой. Хаягт бүртгэлтэй сонгогчийн тоог заагаад, харах цэс дээр дарвал нэрс нь гарна гэсэн үг.
-“Манай хаяг дээр танихгүй хүмүүс байна”, “намайг өөр хаяг дээр бүртгэсэн байсан” гэх яриа гардаг. Мэдээлэл алдаатай байвал яаж засуулах вэ?
-Сонгогч мэдээлэлтэй танилцах явцад зөрүүтэй, буруу бүртгэгдсэн, эсхүл оршин суух хаягт нь үл таних иргэн бүртгэгдсэн зэрэг асуудлаар өөрийн харьяа улсын бүртгэлийн байгууллагын холбогдох нэгжид өргөдөл, хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой.
Иргэний мэдээлэл зөрүүтэй бол тухайн мэдээллийн хэсгийн арын тэмдэглэгээг идэвхжүүлнэ. Өөрөөр хэлбэл, зөрүүтэй мэдээллийг идэвхжүүлээд утасны дугаар, и-мэйл хаяг, нэмэлт тайлбар бичих цонхонд мэдээллээ бичиж илгээнэ. Улмаар таны өргөдөл хүсэлтийг “аймаг, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст шилжүүллээ” гэсэн мэдээлэл гарах юм. Аймаг, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс зөрүүтэй иргэний мэдээллийг шалгаж, өргөдөл, хүсэлт гаргасан этгээдэд шийдвэрлэлтийн талаар мэдэгдэж ажиллана.
Тухайн сонгогчийн мэдээлэл ямар ч зөрүүгүй байхад алдаатай гэсэн мэдээлэл илгээх асуудал цөөнгүй гардаг. Энэ нь улсын бүртгэлийн хэлтсийн ачааллыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх тул зөвхөн зөрүүтэй тохиолдолд л мэдээлээрэй гэж хүсье.
-Зөрүүтэй мэдээллийг засуулах хүсэлтийг хэдий хугацаанд шийдвэрлэх вэ?
-Иргэний өргөдөл хүсэлтийг шуурхай шийдвэрлэх боломжтой бол тухай бүр шийдвэрлээд явна. Харин судлан үзэх шаардлагатай зарим тохиолдолд /иргэний хаягийг түдгэлзүүлэх/ эрх бүхий этгээд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу эрх, үүргийг хэрэгжүүлэн ажиллах тул хугацаа шаардлагатай нь ойлгомжтой юм.
-Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим санд хэдий хүртэл байрших вэ. Иргэд хэдийд мэдээллээ шалгах боломжтой бол?
-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд “Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино” гэсэн сонгогчийг үүрэгжүүлсэн зохицуулалт байгаа.
Сонгогчдын нэрийн жагсаалтыг хуульд заасны дагуу ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сонгуулийн санал хураалт явагдаж дуустал байршуулна. Энэ хугацаанд иргэн өөрийн мэдээллийг шалгахын зэрэгцээ сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцаж болно.
-Бүртгэлийн байгууллагад байгаа мэдээллийг иргэд цахимаар шалгахын ач холбогдол юу вэ?
-Цахимжилт иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэдэг. Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахимаар шалгаснаар тухайн сонгогч өөрийн мэдээллийн зөв эсхүл зөрүүтэй бүртгэгдсэн эсэхийг шуурхай мэдэх, хэрэв зөрүүтэй бол түүнийг шийдвэрлүүлэх цаг хугацаа боломжийг нэмэгдүүлж байна гэж ойлгож болох юм. Өмнө хэлсэнчлэн хаана очиж саналаа өгөхөө хүртэл мэдчихэж болох нь байна.
Улсын бүртгэлийн байгууллагаас үзүүлж байгаа иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн ихэнх үйлчилгээ цахимжсанд иргэд их талархалтай ханддаг. Энэ ч утгаараа улсын бүртгэлийн байгууллага цахимаар бусад төрийн байгууллагыг манлайлан ажилладаг тэргүүлэгч байгууллага. Та бид хоёрын ярилцаж байгаа сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотойгоор ганц жишээ дурдахад тухайн иргэний хаягт өөр иргэн бүртгэгдсэн байна гэсэн мэдээллийг иргэн өөрөө шалгах боломжийг 2023 оноос эхлүүлсэн. Иргэн Улсын бүртгэлийн байгууллагын burtgel.gov.mn цахим хаягт нэвтэрч www.check.burtgel.gov.mn холбоосоор мэдээллийг шалгах боломжтой. 2024 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийт 56007 иргэн өөрийн мэдээллийг шалгаснаас 964 иргэн байнга оршин суух хаягт өөр иргэн бүртгэгдсэн байна шалгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг харьяалах улсын бүртгэлийн хэлтэст нь шилжүүлсэн байна.
Тухайн иргэний хаягт үл таних хүн бүртгэгдсэн байгаа тохиолдолд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт “Иргэний оршин суугаа газрын үл хөдлөх эд хөрөнгийн болон газар өмчлөх эрх нь дуусгавар болсон боловч иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь хаягийн бүртгэлд өөрчлөлт ороогүй бол холбогдох иргэний хүсэлтийг үндэслэн гаргасан хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр иргэний байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийг түдгэлзүүлж болно” гэж заасны дагуу эрх бүхий этгээд шийдвэр гаргаж зөрчлийг арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.
-Сонгогчдын нэрийн жагсаалттай нам, эвсэл, нэр дэвшигчид танилцах боломжтой юу?
-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд орсон өөрчлөлтөөр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн нам, эвсэл, бие даан нэр дэвшигч, төрийн бус байгууллагын төлөөлөл сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх ажиллагаатай танилцаж болохоор заасан. Тэр дагуу хуульд заасан эрх бүхий этгээд сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх ажиллагаатай танилцаж болно.
Ингэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын даргын хамтарсан 2024 оны А/12, А/23 дугаар тушаалаар баталсан “Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх үйл ажиллагаа болон нэрийн жагсаалттай танилцах, ашиглах журам”-ын хүрээнд танилцана. Тодруулбал, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх үйл ажиллагаатай танилцахад Тагнуулын байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавьж ажиллахаар зохицуулсан.
-Нам, эвсэл, нэр дэвшигчид сонгогчдын нэрийг олшруулж ч юм уу, хууль бусаар ашиглах эрсдэл гарвал яах вэ?
-Хуульд зааснаар сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутгийн хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ. Улмаар дээр дурдсан зөрүүтэй мэдээллийг зассан, сонгогч шилжсэн зэрэг хуульд заасан өөрчлөлтүүдийг тусгаж сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргүүлэх зохицуулалт байгаа. Үүнээс өөр бусад байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтыг хэвлэх, олшруулах асуудлыг хуулиар хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.18 дахь хэсэгт “Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ хуульд зааснаас бусад тохиолдолд хэвлэж тараахыг хориглоно” гэж заасан байгаа. Мэдээж сонгогчдын нэрийн жагсаалтыг хууль бусаар болон иргэний нэг төрийг гутаан доромжлох, иргэний хуулиар хамгаалсан нууцыг бусдад задруулсан зэргээр өөр бусад зорилгоор ашигласан бол хуульд заасан хариуцлага хүлээх ёстой байх.
-Гадаад улсад байгаа иргэдийн бүртгэлийг яаж хийх вэ. Гадаадаас сонгогчдын нэрийн жагсаалтаа шалгаад хаана очиж саналаа өгөхөө мэдэж болох уу?
– Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу гадаад улсад байгаа иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, хүргүүлэх журмыг Гадаад харилцааны яам, Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны А/25 дугаар тушаалаар баталсан.
Гадаад улсад байгаа иргэн гадаад улсад санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлсэн байна. Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг Төв болон салбар комисс зохион байгуулж, ажиллана.
Харин улсын бүртгэлийн байгууллага гадаад улсад санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн мэдээллийг Төв комиссоос хүлээн авч шалган, улс бүрээр сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэж цахимаар буцаан хүргүүлнэ.
Иргэн гадаад улсад санал өгөхөө мэдэгдэж “Гадаад улсад байгаа иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх хүргүүлэх журам”-ын хавсралтаар баталсан маягтын дагуу хүсэлтээ гаргах ёстой. Уг хүсэлтэд “-ТА өөрийн байрладаг улсад байгаа “гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Салбар комисс”-ын санал авах байранд саналаа өгөхийг анхаарна уу.” гэсэн санамжийг байрлуулсан. Гадаад улсад санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн мэдээллийг хүлээн авах сүүлийн хугацаа зургаадугаар сарын 15-ны өдөр. Улсын бүртгэлийн байгууллага иргэдийн мэдээллийг хүлээн аваад Монгол Улсад байнга оршин суух хаягаар бүртгэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалтад “гадаад улсад санал өгөхөөр бүртгүүлсэн” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийгдэнэ. Иргэн мэдээллээ улсын бүртгэлийн байгууллагын burtgel.gov.mn цахим хаягт нэвтэрч /http://election.burtgel.gov.mn/ шалгах боломжтой.
-Олон нийтийн хэлдгээр “царцаа нүүлгэх” эрсдэлээс сэргийлж иргэний шилжилт хөдөлгөөнийг сонгуулиас нэлээн өмнө зогсоодог байх. Тэгсэн атлаа сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг хийгээд байдаг. Энэ хоёрын ялгаа юу вэ?
-Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сонгуулийн санал авах өдрөөс 60 хоногийн өмнө буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр зогсоосон.
Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл бол иргэний улсын бүртгэлийн нэг төрөл. Тухайн бүртгэлийг хөтлөхөд хуульд заасан эх нотлох баримт бичиг бүрдүүлдэг. Хэрэв хүсэлт гаргагчийн нотлох баримт бичиг хуулийн дагуу үнэн зөв байгаа бол бид бүртгэлийг хуульд заасан хугацаанд хөтлөх үүрэгтэй. Харин нотлох баримт хууль бус байх тохиолдолд улсын бүртгэгч бүртгэл хөтлөхөөс татгалзана. Тэгэхээр улсын бүртгэлийн байгууллага иргэний хаягт дураараа иргэдийг олноороо шилжүүлээд байдаггүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлэх иргэн хүсэлтээ гаргасан байна. Нотлох баримтыг бүрдүүлсэн байна. Зарим тохиолдолд иргэн өөрийн хаягт ах дүүгээ шилжүүлж авахыг зөвшөөрсөн хэрнээ дараа нь мартчихсан “миний хаягт манай дүү байна хасаад өг” гэхчлэн өргөдөл хүсэлт гаргасан асуудал бий. Мэдээллийг нягтлаад үзэхээр өөрөө хүсэлтээ гаргаад шилжүүлж авсан асуудал гарч байсан.
Сонгогчийн шилжилт хөдөлгөөн бол тусдаа асуудал. Хуульд тодорхой хэдэн субъект шилжих зохицуулалт тусгагдсан. Тухайлбал, сонгуулийн байгууллагын ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, мэдээллийн технологийн даамал, санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч, итгэмжлэгдсэн ажилтнуудыг тухайн байгууллагынх нь албан бичгийг үндэслэн сонгогчийн шилжилт хөдөлгөөн хийнэ. Харин нэр дэвшигч, нэр дэвшигчийн менежер, нэр дэвшигчийн шадар туслагч бол эрх бүхий байгууллагаас олгосон үнэмлэхийг үндэслэн сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг хийх юм. Сонгууль зохион байгуулж сонгуулийн хэсгийн хороонд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг хангаж байгаа л асуудал.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу сонгогч шилжих бол хүсэлтээ улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө гаргаж шийдвэрлүүлсэн байна.