| | USD/MNT 0₮

Монгол генералуудын өдөр тохиож байна

Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 80 жилийн ой өнөөдө буюу энэ сарын 28-ны өдөр тохиож байна. 

“Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн журамласан генерал хэмээх цэргийн дээд цолыг БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор анх Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн тэргүүтэй 11 хүнд энэхүү цолыг олгосон байдаг. Тиймээс жил бүрийн энэ өдрийг “Монголын генералуудын өдөр” хэмээн нэрийдэж, генерал төрүүлсэн байгууллагууд генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Өнөөдөр ч мөн ийм арга хэмжээ болох аж.

Монгол Улсад анхны генерал цолыг олгож эхэлснээс хойших хугацаанд өдгөө 216 цэргийн зүтгэлтэн энэхүү эрхэм цолыг хүртсэний дотор Маршил нэг, Армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 22, хошууч генерал 119, бригадын генерал цолыг 64 албан тушаалтан хүртэж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж иржээ. 

Монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлэн, мэргэжил, дадлага, ур чадвар, авьяас билгээрээ мөрдэс нэгт нөхдөө ямагт манлайлан дагуулагч байж, хариуцсан салбар, байгууллага, хамт олныхоо өмнө дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг амжилттай шийдвэрлэхэд голлох үүргийг гүйцэтгэсээр ирсэн эрхэм генералууд Та бүхнийхээ ажил үйлсэд арвин их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсье. 

Дашрамд дуулгахад, генералуудынхаа тоогоор Завхан аймаг тэргүүлдэг ажээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.