| | USD/MNT 0₮

MY_CAREER Ц.БАДАМ-ОТГОН: Монголын баялаг бүтээгчид ПОДВАЛД ажиллаж байдаг

MY_CAREER булангийнхаа энэ удаагийн зочноор Ц.Бадам-Отгоныг урилаа. Тэрбээр Монголын мянга мянган баялаг бүтээгчдийн нэг бөгөөд арьсан эдлэлээр бүс тэлээ хийдэг хувиараа бизнэс эрхлэгч юм.

Тэрбээр "Би нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Багш мэргэжилтэй, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг. Өрхийн үйлдвэрлэлээ анх 2020 оны долдугаар сараас хойш хийж байна. Анх тэлээ бүс хийх санааг яаж олж гаргасан бэ гэхээр гэртээ жирэмсэн байсан үе. Ажилгүй орлого үгүй байна шүү дээ. Манай нөхөр төгсөх курсийн оюутан бас ажилгүй. Дөнгөж тусдаа гарсан залуу хүмүүс орлого үгүй байна. Тэгээд нэг өдөр дүү маань нэг бүс зүүгээд ирсэн. Үнийг нь асуутал 120 мянгаар авсан гэдэг. Хараад байсан чинь би ч хийчих боломжтой юм шиг санагдаад, санаанд багтаад байсан юм. Сэтгэлд багтаад байсан учир би хараад хийнэ гэж шийдсэн. Тэгээд нөхөртөө би ерөөсөө ийм юм хийж зарлаа гэж хэлсэн. Гэтэл мөнгө байхгүй. Тэгээд гар утсаа ломбарданд 50 мянгаар тавиал Нарантуул зах ороод жаахан материал авч ирэхэд хайч үгүй байхгүй. Төмөр нь зэвэрсэн хайчаа ирлэж байгаад хайчилсан. Шөнөжин сууж хийсэн. Гэвч болдоггүй ээ нэг л биш болоод байдаг. Гэхдээ сүүлийнх нь их аятайхан болсон. Тэгээд өглөө хажуу талынхаа ахынхаа утсыг гуйгаад өөрийнхөө фэйсбүүк рүүгээ нэвтэрч ороод хийсэн эд зүйлийнхээ зургийг тавиад зарна, 25 мянган төгрөгөөр захиалга авна гэсэн чинь 2-3 захиалга ороод ирсэн. Тэгээд урам ороод тасралтгүй хийж эхэлсэн дээ.