| | USD/MNT 0₮
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Бодьмарал, Б.Гантулга нарыг бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр 177 иргэнийг залилан 8.873.202.434 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “яллагдагч нарын өмгөөлөгчийн хүсэлт болон шүүхийн санаачилгаар...” урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг товлон явуулж, тус хэрэгт дараах нэмэлт ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хэрэгт авагдсан баримттай танилцахад прокурор С.Бодьмарал, Б.Гантулга нарт Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ...тогтоолуудыг танилцуулаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлд заасны дагуу танилцуулж, холбогдох ажиллагааг хийлгэх, мөн ...гэрээнд гарын үсэг зурсан нэр бүхий иргэдээс хохиролтой холбоотой болон бусад асуудлыг тодруулж, ...хохирогчоор тогтоогдвол зохих этгээдүүдийг зөв тогтоох, гэмт хэрэг үйлдсэн гэх цаг, хугацааг нотлох баримтад тулгуурлан зөрүүтэй бичсэн байдлыг зөвтгөн ирүүлэх шаардлагатай байна.
Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэргийг прокурорт буцааж, яллагдагч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ.