| | USD/MNT 0₮
О.Батнайрамдал Боловсролын зээлийн сангийн эргэн төлөлтийн асуудлаар Улсын Ерөнхий Прокурорын газарт гомдол гаргалаа. Энэ үеэрээ тэрбээр, "Өнгөрсөн хавар шүгэл үлээснээс хойш Боловсролын зээлийн сангийн 5-6 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн байна. Үүнийг өмнөх жилүүдтэй харьцуулахад, тав дахин нэмэгдсэн дүн гарч байгаа. Товчхондоо бол өндөр албан тушаалтнууд хамаарал бүхий этгээдийнхээ зээлийг төлсөн. Гэхдээ нийт төлөгдөх ёстой 360 тэрбумаас 5-6 тэрбум нь л төлөгдсөн байна гэхээр маш хангалтгүй буюу дөнгөж 5-хан хувьтай эргэн төлөгдсөн гэсэн үг. Үлдсэн 95 хувь нь өрөө төл. Сонгууль болоход хоёрхон сарын хугацаа үлдлээ. БЗС-тай холбоотой горилогчид ёс зүйн манлайлал үзүүлж, өрөө төлчихөөд тойрогтоо оч. Төлөхдөө хүүтэй нь төл. Арилжааны банкнаас авсан зээлээ хугацаа хэтрүүлж төлөхдөө хүү, алданги тооцож төлдөг хэрнээ татвар төлөгчдийн мөнгийг буцааж төлөхдөө яагаад хүү, алданги төлдөггүй юм. Тиймээс эдгээр зээлээ төлөөгүй хүмүүс яаралтай төлөхийг шаардаж байна" гэлээ.
Мөн тэрбээр, "Боловсролын зээлийн сангийн хууль бус зээл чөлөөлөлтийн “Загалмайлсан эцэг” Лу. Гантөмөрт гомдол гаргаж, УЕПГ-т хүргүүлж байна. Лу.Гантөмөр Боловсролын сайд байхдаа 40. 6 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн. Энэ чөлөөлөлтүүд бүгд хуулийн, дүрмийн, журмын бус. Хэний хүүхдийн зээлийг чөлөөлөөд хэний хүүхдийнхийг чөлөөлөөгүй вэ гэдгийг яагаад одоо болтол тодорхой болгохгүй байгаа юм бэ” гэв.