| | USD/MNT 0₮
Монгол Улсын хилээр өөрт дундаар 2000 гаруй согтууруулах ундааны зүйл орж ирдэг. Харин эдгээр согтууруулах ундааг иргэд хэрэглэж болох эсэх, ямар хорвуу чанартайг шинжлэх чадамж одоог хүртэл Гаалийн байгууллагад байхгүй хэвээр байна. Угтаа бол өнгөрсөн жил Улсын төсвөөс Гаалийн төв лабораторийн шинэчлэлийн хүрээнд 19,9 тэрбум төгрөг гаргуулан авсан ч гол шинжилгээний тоног төхөөрөмжөө аваагүй төдийгүй Монгол Улсын иргэдийн эрүүл аюулгүй хүнс хэрэглэх, гаднын улсаас орж ирж буй шингэн бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлж, хэрэглээнд гаргаж болох эсэхийг шинжлэх чадамж алга байна. Энэ асуудалд хэзээ цэг тавьж хилээр импортоор орж ирж буй аливаа төрлийн согтууруулах ундаанд шинжилгээ хийдэг болох вэ гэдэг асуудал анхаарал татаж байна.
Одоогийн байдлаар Гаалийн байгууллага нь Улсын хилээр импортоор орж ирж буй согтууруулах ундааны зөвхөн гаднах сав баглаа боодлыг л шалгадаг байна. Энэ нь согтууруулах ундааны градусаас хуулийн дагуу татвар оногдуулах зорилготой аж. Харин саван дотор шингэн бүтээгдэхүүн хортой юу үгүй юу гэдгийг шинжилж чадахгүй байгаад болон Улсын төсвийн зардлыг хийдүүлж байгаа асуудалд Гаалийн Ерөнхий газрын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал хариуцлага хүлээх ёстой.
Учир нь Улсын хилээр өдөр тутамдаа олон тооны согтууруулах ундааны зүйл орж ирж, өнцөг булан бүрт борлуулагдаж үүнд нь олон мянган иргэд хохирч болзошгүй байгаа юм.
Энэ асуудлаар манай редакци сурвалжилга бэлтгэх явцад Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд хуурамч архийг шинжилдэг тоног төхөөрөмж байхгүй, байгаа гэж зөрүүтэй мэдээлэл өгсөн билээ. Тэрбээр “Бид хүнсний аюулгүй байдлын шинжилгээ одоо л манайд орж ирж байгаа. Урд нь Мэргэжлийн хяналтын ажил байсан. Одоо бид нар салбар лабораториудаа шинжилгээ хийдэг болгох гээд тавьж байгаа” гэж /2024.04.01/-ний өдөр бидэнд мэдээлсэн.
Харин энэ талаар түүнээс дахин тодруулга мэдээлэл авахад “Би тэгж хэлээгүй. Манайд архи шинжилгээний тоног төхөөрөмж байгаа” гэв. Хариуцлагатай албан тушаалын ажилтан ийн зөрүүтэй, худал мэдээлэл өгч байгаа нь хачирхалтай. Гэвч гаальд ажилладаг албан бус эх сурвалж “Гаалийн газарт архи шинжилдэг тоног төхөөрөмж байхгүй, орж ирээгүй” гэж мэдээлсэн. Бид мэдээллийг мухарлахаар Гаалийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудаас дахин мэдээлэл авахаар очиход татгалзсаар байгаа. Үүний цаад учир нь Гаалийн Ерөнхий газрын харьяа гаалийн лаборатори нь архины чанарт шинжилгээ хийдэггүй, зөвхөн барааны ангиллын кодыг л тодорхойлдог.
Монгол Улс бүх төрлийн хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж буй. Тухайлбал, Монгол улс элэгний хорт хавдраар дэлхийд нэгт, улаан хоолой ходоодны хорт хавдраар дэлхийд хоёрт бичигдэж байна. Харин гаалийн байгууллага хилээр орж ирж буй архийг шинжилдэггүй нь Улсын хүн амын эрүүл мэндтэй холбоотой ноцтой асуудал юм. Гэтэл төв лабораторийн дарга ийн мэдээлэл өгч байхад яагаад Гаалийн ерөнхий газрын дарга Бригадын генерал Р.Отгонжаргал чимээгүй байна вэ? Архи шинжилдэг тоног төхөөрөмжийг хэзээ авчрах, энэ тухай албан ёсны мэдээлэл өгөх эсэх нь тодорхойгүй байна.