| | USD/MNT 0₮

Эквадорчууд аюулгүй байдлын асуудлаар санал хураалтад оролцсон өдөр шоронгийн захирал алагджээ

Эквадорын баруун бүсийн Манаби 4 шоронгийн дарга Косме Дамиан Парралес Мерчаны үхлийн талаар эрх баригчид дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Нэг үе Өмнөд Америк тивийн хамгийн тайван амгалан орнуудын нэгд тооцогддог байсан Эквадорт сүүлийн жилүүдэд гэмт хэрэг, хүчирхийлэл огцом нэмэгдээд байгаа. Өнгөрсөн долоо хоногт хоёр хотын дарга алагдсанаас үүнийг мэдэрч болох юм. Үндэстэн дамнасан хар тамхины картелууд Эквадорын боомтуудыг ашиглан бараагаа АНУ, Европын зах зээлд хүргэдэг болсон нь аллага, хүчирхийлэл гаарахад нөлөөлсөн гэдэг.

Ням гарагт тус улсын 17.7 сая иргэний 13.6 сая нь саналын хуудсанд хэвлэгдсэн 11 асуулт тус бүрд “Тийм”, “Үгүй” гэсэн хариултын аль нэгийг өгсөн байна. Үд дундын байдлаар нийт оролцох боломжтой иргэдийн 60 хувь нь саналаа өгснийг Эквадорын үндэсний сонгуулийн зөвлөл мэдээлжээ. Энэ оны нэгдүгээр сард Эквадорын шоронгоос гэмт хэргийн бүлгийн томоохон толгойлогч оргосон нь одоо болтол эрэн сурвалжлагдаж байгаа. Тухайн үед гэмт хэрэгтнүүд цагдаа, шоронгийн албан хаагчдыг барьцаалж, телевизийн студид шууд нэвтрүүлгийн үеэр зэвсэглэн халдсан юм. Үүний улмаас Эквадорын ерөнхийлөгч Даниэл Нобоа улс орон даяар онц байдал зарлаж, шоронгуудад хяналтаа сэргээн тогтооход зэвсэгт хүчнийг ашиглаж байв. Эквадорын шоронгууд гэмт хэргийн бүлэглэлүүдийн мөргөлдөөний талбар болсны улмаас сүүлийн гурван жилийн хугацаанд 460 гаруй хоригдол алагджээ.

Үүнээс гадна өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш Эквадорт арав гаруй улс төрч алагдсаны дотор ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч байсан юм. Өнгөрсөн онд тус улсад 100,000 хүн тутамд оногдох аллагын тоо 43 хүрсэн нь 2018 оныхоос долоо дахин өссөн хэрэг байлаа. Баасан гарагт Gallup судалгааны байгууллагын гаргасан дүгнэлтээр Эквадорын Гуайас муж дайн болж буй улс орнуудыг үл тооцвол дэлхийн хамгийн аюултай бүс нутгаар нэрлэгджээ.

 

 

Дэлхий дахинд

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.