Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага есөн дүүрэгт өнөөдөр эхэллээ.
“Цэргийн зарлан дуудах мэдэгдэл”-ийг хугацаат цэргийн албанд татагдах иргэдийн 96.1 хувьд хүргүүлсэн талаар НЗДТГ-ын Цэргийн штаб мэдээлсэн.
Хугацаат цэргийн албанд татагдах иргэнд цэргийн жинхэнэ албанд татах тухай цэргийн зарлан дуудах мэдэгдэл хүргүүлж эхэлсэн бөгөөд зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, цахим үнэмлэх, хэрэв оюутан бол холбогдох материалаа бүрдүүлж цэрэг татлагын байранд очих үүрэгтэй.
Түүнчлэн Зөрчлийн тухай хуулиар цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд заасан газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, дайчилгааны сургууль, цугларалт болон цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын батлан хамгаалах асуудал эрхэлсэн нэгжийн дарга 150 нэгж /150 мянган төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох журамтай.
Цэрэг татлагын товчооноос цэргийн жинхэнэ албанд татагдах залууст хандаж “Иргэний цэргийн үүргээ биелүүлэн цэрэг татлагын байранд ирж идэвхтэй оролцох, цэргийн алба хаах таван төрлийн хэлбэрээс сонголтоо зөв хийх, иргэний үнэмлэхтэйгээ ирж хамрагдаарай” хэмээн уриалав.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага есөн дүүрэгт өнөөдөр эхэллээ.